Шударга ёс, ард түмнийхээ итгэлийг сэргээж, Монгол төрийн дархлааг хамгаалсан эрхэм Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд баярлалаа

Админ

2026.11.20
Үйл явдлын мэдээ

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас “Баялагтаа эзэн Монгол” уриатай нэр дэвшин, ард түмний дийлэнх олонхийн саналыг авч, ялалт байгуулан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төр, ард түмнийг хагалган бутаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, гэмт үйлдлийг таслан зогсоож, монгол төрийн дархлааг хамгаалахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу анх удаа зургаан жилээр сонгогдон ажиллаж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг эрхэмлэн ажилласан түүнийг өнөөдөр ёслол төгөлдөр “Хүндэтгэн үдэх ёслол” Сүхбаатарын талбайд боллоо.  

Үндэсний түүх, өв соёл, бахархлыг дээдлэн, монгол улсын нэр хүнд, гадаад харилцааг бэхжүүлж, “баялагтаа эзэн монгол” амлалтаа хэрэгжүүлж, үндэсний хөгжлийн дөрвөн том хөдөлгөөнийг санаачлан, манлайлсан, эрхэм ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд талархал илэрхийлье. 

ҮНДЭСНИЙ ТҮҮХ, ӨВ СОЁЛ, БАХАРХЛЫГ ДЭЭДЛЭВ

Монголын түүх, өв соёл, үндэсний уламжлалыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэх нь түүний ажилласан хугацааны нэг чухал чиглэл байлаа.

Их эзэн Чингис хааны түүхэн гавьяа, Монголын эзэнт гүрний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг олон улсад сурталчлах, үндэсний бахархлыг сэргээхэд анхаарч ажилласан. “Чингис хаан” үндэсний музей, түүх, соёлын өвийг олон нийтэд таниулах үйл ажиллагаа, үндэсний их баяр наадам, Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төрийн ёслолууд нь Монголын төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэх үзэл санааг илэрхийлж байв.

МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНД, ГАДААД ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛЭХЭД АНХААРАВ

Тэрбээр, бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа, нэр хүндийг дэлхийн тавцанд шинэ түвшинд гаргаж, Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн 192 улстай дипломат харилцаа тогтоож чадлаа.

Ажилласан хугацаандаа 35 улсад төрийн айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган болон олон улсын дээд түвшний уулзалтуудад оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлаар олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж ирлээ.

“БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” АМЛАЛТ ХЭРЭГЖИЖ, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ТЭГШ ХҮРТЭЭМЖИЙГ ХАНГАЛАА  

Хууль бусаар бусдад шилжсэн стратегийн орд, үйлдвэрүүдийг төр, ард түмний мэдэлд буцаан авах чиглэлд ажиллан, “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Бор-Өндөр”, “Багануурын уурхай”, “Асгат”, “Салхит”-ын мөнгөний ордууд, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён уул” зэрэг ордыг төр, ард түмний мэдэлд эргүүлэн авсан. Мөн хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцалж, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад аваад байна.

Үүний үр дүнд Үндэсний баялгийн сан байгуулах эрх зүйн үндэс бүрдэж, Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүрд тэгш хүртээх боломж бий болсон.

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ДӨРВӨН ТОМ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЭХЛҮҮЛЭВ

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаас “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Цэнхэр алт” хөтөлбөрийн үр дүн байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хүнсний аюулгүй байдал, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэн үр дүнгээ үзүүлж байна.

Түүний боловсролын салбарт санаачлан хэрэгжүүлсэн “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр олон залуусын ирээдүй, хүсэл мөрөөдлийг түүчээлэн, Монгол Улсын ирээдүйг өнгөлөг, гэгээтэй болгож, дэлхийн боловсролыг монгол залуус ч эзэмших боломжийг нээж өгсөн.

Төр, түмний итгэлийг сэргээж, Монгол хэмээх нэрээр дэлхийн өнцөг булан бүрт ч бахархан дуудуулах бэлэг тэмдэг болсон түүний манлайлал Монголын түүхэнд онцлон тэмдэглэгдэх учиртай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрийн тэргүүнээр ажилласан хугацаа Монголын нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, гадаад харилцааны салбарт олон шинэ зорилт дэвшүүлж, томоохон санаачилгуудыг эхлүүлэн, хэрэгжүүлсэн он жилүүд байлаа.

Төрийн тэргүүний ажлыг зөвхөн нэг албан тушаалтны хийсэн ажлаар хэмжих боломжгүй. Харин эхлүүлсэн бодлого, санаачилгын хэрэгжилт, нийгэмд бий болгосон өөрчлөлт, хойч үед үлдээх өвөөр нь үнэлэх учиртай.

Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүдэд дэвшүүлсэн үндэсний хөгжлийн зорилтууд цаашид хэрхэн үргэлжилж, ямар үр дүнд хүрэх нь Монголын төр, нийгмийн хамтын хариуцлага хэвээр үлдэж байна.

Монгол төрийн дархлааг хамгаалан, төр, ард түмний итгэлийг сэргээн, бэхжүүлсэн Эрхэм Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд баярлалаа.