Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоог байгуулж, УИХ-ын гишүүн О.Саранчулууныг ерөнхийлөгчөөр сонголоо

Админ

2026.06.21
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын нам дэргэдээ Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоог албан ёсоор өнөөдөр /2026.06.21/ байгуулж анхдугаар Их хурлаа хийлээ.

Их хурлын нээлтэд Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцож энэхүү холбоог байгуулж буй зорилгын талаар үг хэлсэн юм.

Тэрбээр “2009 онд Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай Конвенцод нэгдэн орсон. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг бүхий л  түвшинд баталгаажуулах зорилго өвөртлөн, үүрэг хүлээсэн. Энэ цаг үеэс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үүрэг амлалт зөвхөн шударга ёсны асуудал төдий бус улс орны хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт, хүний хөгжлийн бас нэгэн шалгуур үзүүлэлт гэж болсон. Иймээс Монгол Улсын Засгийн газар энэхүү гэрээг сахин биелүүлж, салбар бүрийн эрх зүйн орчин, бодлого үйл ажиллагааны шинэчлэл эхлүүлж хүн бүхэнд ээлтэй нийгмийн төлөөх зорилго тавин ажиллаж байна. Ард түмний итгэл дээр оршин тогтнодог Ардын нам ч хүн төвтэй, хүн чанартай бодлого баримталж байна.

     Өнөөдрийн Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоог үүсгэн байгуулах санаачилга хэн нэгний гэнэтийн санаа биш юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төрийн эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх , шийдвэр гаргах түвшинд идэвхтэй оролцох бодит боломжийг хангах нь Монгол Ардын намын санаачилга байсаар ирсэн” гэж тодотгосон юм.

Холбооны анхдугаар Их хурлыг намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг удирдсан бөгөөд хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг төлөөлөл оролцсоноос төлөөлөгчдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн О.Саранчулууныг Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгож баталлаа.

УИХ-ын гишүүн,  Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны ерөнхийлөгч О.Саранчулуун хэлэхдээ “Манай холбооны гишүүнчлэл зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр хязгаарлагдахгүй биднийг дэмждэг сэргээн засахын мэргэжилтнүүд, сэтгэл зүйчид, эмч нар, нийгмийн ажилтнууд, хөдөлгөөн, хэл засалчид, дохионы хэлмэрчид, асран хамгаалагчид үргэлж энэ холбоонд байж хүртээмж гэдэг өргөн агуулгатай ажиллах болно” гэв.

Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон УИХ-ын гишүүн О.Саранчулуунд Монгол Ардын намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар баяр хүргэж, амжилт хүслээ. 

Дараа нь Их хурлаас байгуулагдсан тус холбооны Бага хурлын анхдугаар хуралдаан боллоо. Хурлыг  Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга М.Бүрэнтөгс, орлогч даргаар Говьсүмбэр аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Я.Цэцгээ нар ажиллав.

Бага хурлын анхдугаар хуралдаанаар Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны дэд ерөнхийлөгчдөөр Хүртээмж ба түгээмэл загварын мэргэшсэн зөвлөх, “Рехтус” ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Ойдов, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Б.Сарантуяа, тус холбооны  нарыг тус тус сонгож баталлаа.

Социал демократ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирлаар Э.Улсболдыг сонгож, мөн тус холбооны Удирдах зөвлөлийг 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.

Ингэснээр Монгол Ардын нам дэргэдээ ахмадын, эмэгтэйчүүдийн, залуусын, оюутны, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоог байгуулан бүхий л төлөөллийн дуу хоолой, санал бодлыг бодлого, хөтөлбөртөө тусгах, шийдвэр гаргалтад оролцуулахаар ажиллаж байна.

Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны анхдугаар Их хуралд УИХ-ын гишүүд, намын Нарийн бичгийн дарга нар, газар, хэлтэс, дэргэдэх байгууллагуудын удирдлагууд оролцлоо.