Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.11.03/ болсон ахмадуудын уулзалтад оролцож ахмад настны нийгмийн хамгаалал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө.

Энэ арваннэгдүгээр сарын 1-нээс 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн.
Ахмад настны суурь тэтгэвэрт 2026 онд 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1,216.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор байна.
Мөн тэтгэврийн хэмжээг ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулах аж.

Уулзалтад оролцож буй хүмүүсийн төлөөлөл олон хүүхэд төрүүлээд тэтгэвэрт эрт гарсан болон цэргийн тэтгэвэрт гарсан нь суурь тэтгэвэрт хамрагдахгүй үлдэж буйг тодруулж, хуульд өөрчлөлт оруулах эсэхийг лавлав.

Онцгой нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүс болон цэргийн алба хаагч 55-60 нас хүрээд суурь тэтгэвэр авах боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд хариуллаа.
Мөн суурь тэтгэврийг гэр бүлийн хоёр авч байгаад нэг нь нас барсан тохиолдолд 50 хувь нь өвлөгдөх боломжтойг тэрээр мөн онцолж танилцууллаа.

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос нийслэлийн гишүүд, дэмжигчдэд зориулан зохион байгуулсан ээлжит уулзалтад намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, СДАХ-ны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцов.
Монгол Ардын Намын 2024 оны мөрийн хөтөлбөрөөс:
1.5.17: Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална гэж заасан.
Энэхүү заалт бодитоор хэрэгжиж, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлд МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын манлайлал чухал байсныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцлов.

Өнөөдрийн байдлаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652000 төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769000 төгрөг байна.




