Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэхийг хүслээ

Админ

2026.06.21
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намаас хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Булган аймгийн Бугат суманд намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага зохион байгууллаа.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, СДМЭХ-ны Хойд бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Үүрийнтуяа, аймгийн намын хорооны дэд дарга Т.Баярбат, сумын намын хорооны дарга Ц.Алтансүх нар оролцож, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн зорилт, мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал хүсэлтийг сонсон, санал солилцлоо.

Уулзалтын үеэр ахмад гишүүд тэтгэврийн хэмжээ, ахмад настнуудын амьжиргааны нөхцөл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлыг түлхүү хөндөн ярилаа.

Тэд ахмад настнуудын нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй дэмжлэг, нэмэгдлийн бодлогыг илүү хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн стратеги, “Чөлөөлье” үндэсний санаачилга, намын үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих зорилгоор нэвтрүүлж буй Enam 3.0 платформын талаар танилцуулж, шинэчлэлийн бодлого, зорилтуудыг гишүүд, дэмжигчдэд дэлгэрэнгүй мэдээллээ.