Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогод хамаарах мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Админ

2026.10.28
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны хоёр дахь нэгдсэн хурал өнөөдөр /2026.10.28/ боллоо.

Бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хурлыг удирдаж, намаас дэвшүүлсэн төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогод хамаарах мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар саналаа танилцууллаа.

Түүнчлэн намын мөрийн хөтөлбөрт энэ салбарт хийхээр тусгасан зүйл заалтуудаас өндөр хувьтай хэрэгжсэнийг иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй таниулах, удаашралтай байгаа болон хэрэгжих боломжгүй байгаагийн учир шалтгааныг тодруулж, шийдлийг гаргах талаар бодлогын хорооны гишүүд идэвхтэй ажиллах шаардлагатайг онцлов.

Бодлогын хорооны энэ удаагийн хуралд УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, дэд сайд асан Ж.Сауле, МАН-ын Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ,  Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны Нарийн бичгийн даргаар С.Сэлэнгэ нарын бүрэлдэхүүн оролцлоо.

Бодлогын хорооны бүрэлдэхүүнд намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, дэргэдэх байгууллагын төлөөлөл, УИХ болон Засгийн газрын гишүүдээр ажиллаж байсан нам, төрийн туршлагатай ахмад гишүүд, тухайн салбарын судлаач, эрдэмтдийн төлөөлөл бий.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хороо нь 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, 31 дүгээр Их хуралд Монгол Ардын Намын дарга Н.Учралын танилцуулсан “Гишүүн төвтэй нам E4 стратеги”-ийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.