Тэшигчүүд орон нутаг чиглэсэн бодлогын үр нөлөөг дээшлүүлэхийг хүслээ

Админ

2026.06.19
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын санаачлан хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Булган аймгийн Тэшиг суманд намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Тэшиг сумын Засаг дарга Б.Гансүх, аймгийн Намын хорооны дэд дарга Т.Баярбат нар оролцож, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн зорилт, мал аж ахуй, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд болон инженерийн дэд бүтцийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал бодлыг сонслоо.

Уулзалтын үеэр төр, засгаас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэж, цаашид орон нутгийн хөгжилд чиглэсэн ажлуудыг эрчимжүүлэхэд иргэдийн оролцоо, хамтын ажиллагааны ач холбогдлын талаар санал солилцов.

Түүнчлэн Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн бодлого, “Чөлөөлье” үндэсний санаачилга, намын үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих зорилгоор нэвтрүүлж буй Enam 3.0 платформын талаар танилцуулж, шинэчлэлийн бодлого, зорилтыг гишүүд, дэмжигчдэд дэлгэрэнгүй мэдээлэв.

Хэлэлцүүлгийн үеэр иргэд төрийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах, зам дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын хөгжил, малчдын орлогыг дэмжих чиглэлээр санал хүсэлтээ илэрхийллээ.

Мөн Далан багийн Засаг дарга, сумын ИТХ-ын төлөөлөгч, Тэшиг сумын III үүрийн дарга Ч.Энхтайван үг хэлж, сонгогдсон төрийн түшээд тойрогтоо илүү ойр ажиллаж, иргэдийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Тэрбээр намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлж, гишүүдийн оролцоог бодитоор дэмжсэн ажил, санаачилгуудыг нэмэгдүүлэх, сум орон нутагт чиглэсэн бодлогын үр нөлөөг дээшлүүлэх талаар санал дэвшүүлэв.