Олон улсын Ахмадын өдрийг угтан Соёлын төв өргөөнд 1500 орчим ахмад цугласан арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр тэтгэврийн шинэчлэл, ахмад настны хэрэгцээнд суурилсан тусламж, үйлчилгээ зэрэг Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулав.

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн төслийн үндсэн зорилгын хүрээнд хэрэгжүүлэх есөн гол шийдвэрээ дурдаж, эндээс ахмадуудын хүлээлттэй буй тэтгэврийн зөрүүг арилгах, нэмэгдэл, тэтгэврийн шударга тогтолцоог нэг мөр шийдвэрлэхээр ажиллаж буйгаа онцлов.

Тодруулбал, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийг дунджаар 380.3 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэхээр төсвийн төсөлд тусгасан.
Харин 2026 оны төсвийн тодотголд энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадуудад шинээр 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор тусгаад байгаа юм.
Дундаж тэтгэврийг 1.3 саяд хүргэхийг ахмадууд дэмжиж, УИХ-аар төсөв батлахыг ихээхэн хүлээж байгаагаа илэрхийлж байлаа.

Зөвхөн тэтгэврийн нэмэгдэл, шинэчлэл зэргээр хязгаарлагдахгүй Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газраас 2026-2028 онд ахмад настны талаар зургаан зорилт хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байгаа аж.
Тодруулбал, ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, урт хугацааны тусламж, үйлчилгээ, нийгмийн оролцоо, цахим ур чадвар гэсэн зургаан зорилтын хүрээнд нийт 54 арга хэмжээг 2026-2028 онд хэрэгжүүлнэ.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.







