Улаанбаатар хотын 387 жилийн ой тохиож байна

Админ

2026.10.29
Үйл явдлын мэдээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой, “Нийслэлийн өдөр” өнөөдөр тохиож байна.

Жил бүрийн аравдугаар сарын 29-нд “Нийслэлийн өдөр”-өөр үндэсний өв соёлоороо бахархах, түүхэн ой санамжаа бэхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ өдөр Эзэн богд Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо.

Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл хөгжил нь Монголын төр, шашин, соёлын түүхэнд гүн мөрөө үлдээсэн Өндөр гэгээн Занабазарын өргөөтэй салшгүй холбоотой. Өндөр гэгээн Занабазарын түүхэн үйл хэрэг, урлаг, соёлд оруулсан үнэтэй хувь нэмэр нь монголчуудын оюун санаа, үндэсний өв соёлын салшгүй хэсэг бөгөөд бидний бахархал, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм нандин өв юм. Өнөөдрийн Улаанбаатар хот бол Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын төв төдийгүй улс орны хөгжил дэвшлийг түүчээлэн манлайлж буй их хот билээ. Бид хотынхоо ирээдүйг бүтээн байгуулахын зэрэгцээ өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, соёлын өвөө хадгалан хамгаалж, орчин цагийн хөгжилтэй уялдуулан хойч үедээ өвлүүлэх эрхэм үүрэгтэй” гэв.

Мөн 387 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн үе, үеийн удирдлагууд 1778 онд Улаанбаатар хот хамгийн сүүлчийн нүүдлээ хийж, одоогийн Алтан тэвшийн хөндий, Хүн чулууны хонхорт суурьшсан түүхэн үйл явдалд зориулан босгосон гэрэлт хөшөө болон Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн тугийг мандуулав.

 

Улаанбаатар хотын 387 жилийн ой тохиож байна | Монгол Ардын Нам