Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас санаачлан зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Ардын намын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд нараар ахлуулсан баг Өвөрхангай аймагт ажиллаж байгаа.
Өвөрхангай аймгийн Гучин-ус, Богд суманд ажиллаж Засгийн газрын бодлого, намын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох "Е-4 стратеги", Е-nam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцож буй тэдний ажиллах дараагийн сум Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан байв. Намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзахын өмнө тус суманд аж төрдөг намынхаа ахмад гишүүдийн төлөөлөл болох зарим хүмүүсийн гэрт зочлон, хүндэтгэл үзүүллээ.

Эхний очсон айл намын ахмад гишүүн О.Сэмжидийнх. Монгол Улсын хүндэт харваач, аймгийн гоц мэргэн цолтой шагайн харвааны улс бүсийн чанартай 16 тэмцээнд айрагдаж байсан түүний үгийг анхааралтай сонслоо. Эхнэр Т.Дэлэгдулам мөн л 1987 оны Монгол Ардын намын ахмад гишүүн. Тэд намын эв нэгдэл энэ цаг үед хамгаас чухал байгааг сануулсан. Талцал хуваагдлаас үүдсэн намын гишүүдийн дундах үл ойлголцол орон нутагт газар авсан. Үүнийг даруй засаж залруулахгүй бол жирийн ард иргэдийн амьдралд ч нөлөөлж буйг ярилаа.

Хоёр дахь айл 20 насандаа намдаа итгэл үнэмшлээрээ элсэж өнөөдрийг хүртэл бодлого үйл ажиллагааг нь дэмжиж явдаг сумын заан Д.Төмөрбаатарынх. Түүний хувьд ахмад настны тэтгэврийг нэмж, зөрүүг арилгах ажлыг бодит болгох гэж буйд баяртай байгаагаа хэлсэн. Сум нэгдлийн манаач, худгийн моторчноос нярав хүртэл хийж явсан тэрээр өнөөдрийг хүртэл хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж чадаагүй байгаагаа энэ дашрамд хэлсэн юм.

Харин гурав дахь айлын эзэн Ц.Чулуундолгор гуайн хувьд халуун залуу насандаа үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхийн хажуугаар хөдөлмөрлөж бүтээж ирсэн бусдын л адил хөдөлмөрч эмэгтэй. Тэрээр Монгол Ардын нам эрх баригч намын хувьд ард түмнээ сонсох зорилгоор 21 аймаг, 330 суманд нэгэн зэрэг өрнүүлж буй "Ардын нам Ард түмэндээ Enam 3.0" хэмээх энэхүү аяны ач холбогдлыг онцгойлон сайшааж байлаа. Түүнчлэн залуусын ойлголт хандлага нэг үеэ бодвол сайжирч байгаа хэдий ч орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, бодит хөгжлийг авчрах ажлуудыг хийх шаардлага байсаар байгааг ч санууллаа.






