Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас санаачлан зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Монгол Ардын намын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд нараар ахлуулсан баг Өвөрхангай аймагт ажиллаж, намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзан Засгийн газрын бодлого, чиглэл намын хөгжлийн бодлогыг тодорхойлох "Е-4 стратеги", “Чөлөөлье” санаачилга, “Е-nam 3.0” платформын талаар мэдээлэл өгөх зорилготой уулзалтыг сумын Соёлын төвд хийлээ.

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин уулзалтад оролцогчдод хандан хэлсэн үгэндээ 2025 оны авлигын төсөөллийн индексээр Монгол Улс дэлхийн 182 улсаас 124-т эрэмбэлэгдэн өмнө байснаас 10 байраар ухарсан үзүүлэлт бол төрийн үйлчилгээний хүнд суртал, албан тушаалтнуудын хээл хахууль анхаарал хандуулах хэмжээнд хүрснийг илтгэж буй асуудал. Тийм ч учраас Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд шийдэл болж чадаж байгаа. Тухайлбал, үндэсний туршлагатай компанид давуу эрх олгож, 5 аймагт 150 мвт-ийн эрчим хүчний эх үүсвэр бий болгож байгаагийн нэг нь Өвөрхангай аймаг гэдгийг онцлоод "Ногоон Эрчим хүч ба Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр”-ийн хөгжлийг эрчимжүүлэх засгийн газрын УИХ-ын тогтоолыг танилцуулсан юм.

Монгол Ардын намын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд энэ сарын 10-наас эхэлсэн “Монгол Ардын нам ард түмэндээ ENAM” аяны зорилго ач холбогдол болоод намын шинэчлэлээс чухам ямар шийдэл, үр дүн хүлээгдэж байгааг танилцууллаа.

Уулзалтад ирсэн сумын иргэд тэтгэврийн хуулийн шинэчлэл, гадаадын банк оруулж ирэх, залуу малчдын нийгмийн асуудал, бичил уурхай эрхлэгчдийн дур зоргоороо авирлал зэрэг тодорхой асуудлаар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал иргэн Ш.Бямба-Очир сумандаа ганцхан байх “Таацын гол” ширгэж үгүй болох эрсдэлд ороод буй нь уул уурхай эрхлэгчидтэй холбоотойг хэлж анхааруулсан.

Баруунбаян-Улаан сум нь Өвөрхангай аймгийн баруун урд хэсгийн говийн бүсэд оршдог. Баруун талаараа Баянхонгор аймгийн Богд сумтай, хойд талаараа Нарийн тээл, зүүн хойд талаараа Хайрхан дулаан сумтай хил залгаа, нийслэл хотоос 605км, аймгийн төвөөсөө 175 км алслагдан оршдог. Дөрвөн багийн 2420 иргэнтэй энэ сум байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт төрхөөрөө алдартай.




