Мэдээ

УИХ-ын дэд дарга, Эрүүл мэнд, Барилга хот байгуулалт, Боомтын сайд болон зарим дэд сайдыг томиллоо

Админ
2023/01/05

Монгол Ардын Намын Удирдах зөвлөл өнөөдөр /2023.01.05/ хуралдаж, УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Лхагвын Мөнхбаатар, Шадар сайдаар Эдийн засгийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Цэрэнпилийн Даваасүрэн, Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Содномын Чинзориг, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Хүрэлбаатарын Булгантуяа нарыг тус тус томилохоор дэмжлээ.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар Мягмаржавын Ганбаатар, Эрүүл мэндийн дэд сайдаар Сэрээжавын Энхболд, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Гантөмөрийн Түвдэндорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Охиндоогийн Цэндсүрэн, Цахим хөгжлийн дэд сайдаар Жаргалцэнгэлийн Эрхэмбаатар нарыг томилохоор дэмжив.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.01.05/ дэд сайд нарыг томилж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг дэмжиж, баталлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын зарим гишүүнийг чөлөөлж, шинээр томилох тухай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд шинээр томилогдож буй сайд нараас асуулт асууж, санал хэлэв. Ийнхүү Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Х.Булгантуяа нар УИХ-д тангараг өргөлөө.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.