Мэдээ

Улс төрийн намууд “Шилэн нам” болох шинэчлэл хийхээр хэлэлцэж байна

Админ
2023/03/01

Монгол Улсын Засгийн газар, Транспэрэнси Интернэшнл – Монгол ТББ, Койка олон улсын байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Шилэн нам эрдэм шинжилгээний онол практикийн хурал”-ыг зохион байгуулж байна. Тус хуралд улс төрийн намуудын дарга болон төлөөлөл оролцож нам доторх авлига, шударга бус байдлыг хэрхэн цэгцэлж, санхүүжилтийг ил тод болгох арга замын талаар хэлэлцэж байгаа юм.

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хурлыг нээж, улс төрийн намууд “шилэн”, сонгуулийн санхүүжилт ил тод болж чадвал системийн авлига тасарна гэдгийг онцоллоо. Тэрээр улс төрийн намуудын санхүүжилт, мөнгөнөөс хэт хамааралтай сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлагатайг тодотгож байна. 

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан улс төр дагасан авлигын асуудал дэлхийд манай улсын авлигын индексийг ухрааж байгаа гол үзүүлэлт учраас үндэс сууриар нь шинэчлэх шаардлага тулгарсан талаар дурдлаа. Иргэдийн дунд явуулсан судалгаанаас харахад улс төрийн эрх зүйн орчныг шинэчилж, цаг үеэ дагасан өөрчлөлтийг явуулахыг олон нийт шаардаж эхэлсэн учир улс төрийн намууд хөрөнгө мөнгөний хамаарлаас гарахад дорвитой шинэчлэл хийх хэрэгтэй байгааг онцолж байна. 

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн зүгээс “Шилэн нам” хэлэлцүүлэг нь улс төрийн нам нь яаж ажиллаж байж төр, иргэн хоёрын гүүр болох вэ гэдэг асуултад тодорхой хариулт өгөхөд чухал үүрэгтэйг тодотгов. 

Мөн ХҮН-ын дарга Т.Доржханд дэлхийд үүсээд байгаа нөхцөл байдал Монгол Улсад нөлөөлж эхэлсэн учраас парламентын засаглалаа бэхжүүлье гэвэл намуудаа шилэн бөгөөд шударга ажиллахад анхаарах шаардлагатай талаар дурдлаа.

Транспэрэнси интернэшнл – Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал илтгэлдээ сонгуульд нэр дэвшигчдийг ижил гараанаас өрсөлдөх боломжийг нээхийн тулд нэр дэвшигчийн санхүүжилт, хандивлагчийг ил тод болгож, тайлагнадаг байх нь чухал байгааг илэрхийллээ. Тодруулбал, хандив, хувь нэмрийн дээд хэмжээг тогтоосноор томоохон компаниуд намын бодлогод хэт нөлөөлдөг байдлыг таслан зогсоож чадна. Мөн иргэдийн хандивыг ялгаварлахаас сэргийлэх юм. Түүнчлэн эмэгтэйчүүд, цөөнхийн бүлгийн төлөөллийг сонгуульд нэр дэвших эрх тэгш боломжийг бий болгох ёстой байна. Эмэгтэй нэр дэвшигчдийг намын бодлогоор дэмждэг тогтолцоог бий болгох зэргээр нийгмийн бүлгүүд шийдвэр гаргах түвшинд бүрэн ажиллах боломж бүрдэхийг илтгэлдээ дурдав. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.