Мэдээ

О.Батнайрамдал: МАН Азийн социал демократ намуудад манлайлал үзүүлэх бүрэн боломжтой

Админ
Өчигдөр 10 цаг 26 минут

Азийн социал демократ сүлжээ /SocDem Asia/-ний ээлжит хуралд оролцоод ирсэн МАН-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан нарийн бичгийн дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.

-Та саяхан Азийн социал демократ сүлжээний ээлжит арга хэмжээнд оролцоод ирлээ. “Явсан хүнээс үг сонс” гэсэн үг бий. Явсан газар, оролцсон хурлын сонин хачнаас хуваалцахгүй юу?

-SocDem Asia-ийн Улс төрийн дэвшилтэт бодлогын академи /Academy of Progressive Politics / -аас санаачилсан дэвшилтэт улс төрийн академи “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэвшилтэт бодлого”  үзүүлэх дэвшилтэт аргачлал” сэдэвт олон улсын хурлыг хоёрдугаар сарын 25-28-нд Филиппиний Себу хотноо зохион байгууллаа. Энэ хуралд миний бие МАН-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, Социал демократ Монголын залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн хамт оролцоод ирсэн. SocDem Asia нь  социал демократ үнэт зүйл, үзэл баримтлалтай, улс төрийн намуудыг нэгтгэсэн бүс нутгийн хэмжээний нэгдэл холбоо юм. МАН 2009 онд анх Socdem-Азийн социал демократ сүлжээг үүсэн байгуулахад томоохон хувь нэмэр оруулж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, Удирдах зөвлөлд төлөөллөө ажиллуулж ирсэн улс төрийн хүчин. Тухайлбал, 2017 онд тус байгууллагын Бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байлаа. 

Филиппиний Себу хотноо социал демократ үзэл баримтлалтай Азийн улс төрийн намууд дэлхий нийтийг хамран өрнөж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй дэвшилтэт бодлогуудыг хэлэлцэж сайн туршлагуудаа хуваалцаж, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэж, санал бодлоо солилцсон.

-Арга хэмжээний гол дөрвөн илтгэгчийн нэг нь та байсан. Засгийн эрх барьж байгаа улс төрийн намын Гадаад харилцааг хариуцсан нарийн бичгийн даргын илтгэлд Засгийн газрын байр суурь багтаж байгаа гэж бодож байна. Тиймээс бүс нутгийн түвшинд багагүй сонирхсон болов уу?

-Дэлхийн бүх улс оронд дэлхийн дулаарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт маш эрчтэй явагдаж байна. Гэхдээ энэ өөрчлөлт улс орон, тэр байтугай муж, аймаг бүрд өөр өөр хурдтай явагдаж байна. Энэ утгаараа сөрөг нөлөө нь ч өөр өөрөөр илэрч буй юм. “Уур амьсгалын өөрчлөлт - Монгол орон” гэсэн агуулгыг хөндөхөөр хамгийн түрүүнд зуд, бэлчээрийн хомстол, цөлжилт санаанд орж ирдэг бол манай бэрхшээлийг Азийн орнууд, Зүүн өмнөд Азийн орнууд сэтгэлд ойрхон хүлээн авч чаддаггүй. Тэдний хамгийн том бэрхшээл нь борооны улирал хэт сунжирч, үер болох, далайн усны түвшин ихсэж, хуурай газар багасах асуудал байдаг. Байгаль, цаг уурын онцлогоос хамаарч өөр өөр хэлбэртэй явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт тухайн бүс нутаг, улс орны эдийн засагт төдийгүй хүмүүсийн амьдралд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг гэсэн үг.

Тиймээс болж өнгөрсөн хурлын үеэр Засгийн эрх барьж байгаа МАН энэ тал дээр ямар бодлого дэвшүүлж, хэрхэн хэрэгжүүлж байгаа вэ гэдэг асуудлаар илтгэл тавьсан. МАН-ын Мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй дэвшилтэт аргаар тэмцэх асуудал туссан. Үүнийгээ ч хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгийн тэлэх боломжийг хязгаарлан, боомилж байгаа зургаан томоохон хүчин зүйлийг зарлаж, гол анхаарлаа чиглүүлсэн. Үүний нэг нь Ногоон хөгжлийн сэргэлт. Ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт, түүнийг даган бий болж байгаа сөрөг үр дагаврын эсрэг авч хэрэгжүүлж байгаа цогц бодлогоор илтгэлээ тавилаа.

-Цаг уурын өөрчлөлтөд мега төслүүд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцдог. Манай улсын хувьд мега төслүүд хараахан ашиглалтад ороогүй байна. Нөгөө талаар манай эдийн засаг нүүрсний экспорт дээрээ тогтдог. Эдийн засагч хүний хувьд энэ хоёрын тэнцвэрийг хэрхэн барьж урагшлах ёстой гэж үздэг вэ?  

-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод туссан цаг уурын өөрчлөлттэй холбоотой томоохон арга хэмжээнүүд бол мега төслүүд. Жишээ нь, Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл ногоон эдийн засгийг дэмжих талаасаа ч, уур амьсгалын өөрчлөлтийг тэнцвэржүүлэх талаасаа ч ашигтай. Бид эрчим хүчээ илүү ногоон, илүү дэвшилтэт технологиор үйлдвэрлэнэ гэсэн үг. Өнгөрсөн зуун бол монголчуудын хувьд тусгаар тогтнолоо хамгаалсан зуун болж өнгөрсөн бол энэ зуун илүү эдийн засгийн аюулгүй байдлыг хангасан зуун байх юм. Эдийн засгийн тусгаар тогтнолд эрчим хүчний урсгалыг нэмэгдүүлэх томоохон мега төслүүд маш их ач холбогдолтой. Үүнийгээ бид Ногоон хөгжилтэйгөө уялдуулж байна гэсэн үг.

Нөгөө талаар уур амьсгалын өөрчлөлтийг хүлэмжийн хийн ялгаруулалт түргэсгэж байгаа. Гэтэл эрчим хүчийг хүлэмжийн хийг асар их нэмэгдүүлдэг хүрэн нүүрсээр үйлдвэрлэдэг. Энэ бол анхаарлын төвд орж яваа сэдэв. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх санал санаачилгуудыг дагаад дэлхийн энэ эдийн засагт ч томоохон өөрчлөлт орж, хүрэн нүүрсний хэрэглээг багасгах зорилтууд хэрэгжээд эхэллээ. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний хувьсгалын үр дүнд магадгүй эрчим хүчний нүүрсний хэрэглээ дэлхий даяар буурах байх.

Уул уурхайгаас хэт хамааралтай байдгийн хувьд бид энэ асуудалд нэлээд соргог хандаж, “Ирээдүйд хэрхэх вэ” гэдгээ тооцон, төлөвлөх ёстой юм. Уул уурхайн дэд сайдаар гурван жил ажилласан хүний хувьд уул уурхайд тулгуурласан эдийн засагтай Монгол Улс эдийн засгийн бүтцээ цаашдаа илүү томоор, ирээдүйтэй оновчтой аргачлалаар харах, өөрчлөх зайлгүй шаардлага бий болсон гэж бодож байна.

-Уур амьсгалын өөрчлөлтийг сэргээгдэх эрчим хүчний хувьсгал гэсэн үг дагалддаг болж. Энэ сэдэв өөрөө уул уурхайн салбарынханд бас хүссэн ч, эс хүссэн ч өөрчлөлт хийх ёстойг сануулаад байх шиг?

-Уур амьсгалын өөрчлөлт яригдахаар нүүрсний асуудлыг хөндөхөөс аргагүй болдог. Яагаад гэвэл, Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, 80 гаруй хувийг нүүрс, зэс эзэлдэг, ДНБ-ий дөрөвний нэг, төсвийн орлогын 30 хувь нь уул уурхайн салбараас бүрддэг. Энэ утгаараа бид уул уурхайгаас хэчнээн хамааралтай вэ гэдгээ хэн хүнгүй ойлгодог болсон. Энд нэг тоо хэлэхэд, дэлхийн нүүрсний жилийн хэрэгцээг найман тэрбум тонн байдаг. Дэлхий нийтээрээ жил бүр ийм хэмжээний нүүрс хэрэглэдэг гэсэн үг. Үүний тал буюу 50 хувийг Хятад улс дангаараа ашигладаг. Гэвч ийм том зах зээл рүү бид хамгийн оргил үедээ жилд 37 сая тонн нүүрс экспортолж байна. Бидний экспорт энэ том зах зээлийн нэг хувьд ч хүрэхгүй байгаа биз. Мэдээж, калори өндөртэй учраас коксжсон нүүрс илүү үнэ цэнтэй. Одоогоор ган боловсруулах салбарт коксжсон нүүрс ашиглахаас ондоо технологи нэвтрээгүй, орлуулах технологи байхгүй учраас коксжих нүүрс зах зээлд давамгай байдлаа мөд алдахгүй.

Харин хэрэглээ нь буурах төлөвтэй болж буй хүрэн нүүрсээ хэрхэх талаар бид бодох ёстой болно. Тиймээс бид уул уурхайн салбараа шинэ, ногоон өөрчлөлттэй уялдсан бодлогоор хөгжүүлж, илүү сайжруулах шаардлагатай. Энэ салбараа эрэлт хэрэгцээтэй, үнэ цэнтэй байлгахын тулд ашигт малтмалд хандах чиг хандлагаа өөрчлөх ёстой гэсэн бодлого Шинэ сэргэлтийн бодлогод туссан. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улсаас авч байгаа арга хэмжээ гэж ойлгож болно.

-Таны илтгэлийг хуралд оролцогч орнууд хэрхэн хүлээн авч байна. Өөр сонирхон хүлээж авсан ажил хэрэгч санаанууд юу байв?

-Миний илтгэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний тухай мөн хөндөгдсөн. Энэ хөтөлбөр бол цөлжилтийн эсрэг, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсаас хэрэгжүүлж байгаа маш том арга хэмжээ, амбицтай хөтөлбөр. Гэхдээ үүнийг бас өнөө үеийнхнээс ирээдүй үеийнхэнд зориулан хийж буй маш том алхам, ажил гэж харах хэрэгтэй. Хөтөлбөрийг гол санхүүжүүлэгчид нь уул уурхайн томоохон компаниуд. Үүнээс гадна Шинэ сэргэлтийн бодлогод хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудал багтсан. Энэ хөтөлбөр, бодлогууд хоорондоо уялдаж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг даган бий болж байгаа эдийн засгийн өөрчлөлт рүү чиглэж байна гэдгээр хуралд оролцсон гаднын төлөөлөгчид маш их сонирхож хүлээн авсан.

Энэ хөтөлбөр уул уурхайн компаниудын сонирхлыг татаж байгаа талаар ярьсан.  Салбарын бодлого тодорхойлолцож байсан хүний хувьд дэлхий нийтийг хамран өрнөж байгаа сэргээгдэх эрчим хүчний хувьсгалын дохиог уул уурхайн салбарынхан илүү соргог хүлээн аваасай, бүтцээ энэ чиг хандлага руу өөрчлөөсэй гэж бодож байгаа. Уул уурхай бусад салбартай харьцуулахад өрсөлдөөнтэй учраас орлого олж байгаа хэмжээгээрээ дотроо төрөлжөөд, хөгжөөд бусдадаа илүү нөлөөлөл үзүүлдэг байх хэрэгтэй юм.

-Уур амьсгалын өөрчлөлтийг дотоод хүчээрээ зохицуулах гэж хичээхийн хажуугаар олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломж ч бидэнд тохиож болох юм. Энэ тал дээр бид юуг анхаарвал зүгээр санагддаг вэ?

-COP-27 ч юм уу дэлхийн улс орны удирдагчид оролцсон томоохон арга хэмжээнүүд дээр улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрсдийн хийж чадах ажлаа амлаж байгаа. Цаашдаа уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөж, хохирол амсаж байгаа орнуудыг дэмжих санхүүжилтийн хөтөлбөрүүд гарах байх. Дэлхийн банк, НҮБ болон түүний салбар байгууллага олон улсын бусад байгууллага ногоон эдийн засаг, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн санхүүжилтийг санал болгох хандлага ажиглагдаж байна. Энэ дээр бид илүү мэдрэмжтэй, анхааралтай ажиллаж, бусад улс орнуудтай өрсөлдөж, санхүүжилт татах боломжтой гэж харж байгаа. Бид илүү идэвхтэй хөөцөлдөх ёстой л доо. Түүнээс биш Монголд “май” гээд зүгээр өгөхгүй шүү дээ.

Яагаад гэвэл, уур амьсгалын өөрчлөлт байгаль, цаг уур нь илүү экстрим улс орнуудад эрчимтэй явагдаж байна. Манай цаг уур бол экстрим талдаа орно. Тиймээс энэ төрлийн санхүүжилтийг татах боломжтой. Гэхдээ бид бусад оронтой илүү өрсөлдөж, илүү сайн ажиллах ёстой болно.

-Азийн улс төрийн намууд дотор МАН ямархуу орон зай, ямар байр суурийг эзэлж байгаа бол. Өрсөлдөх чадварын хувьд ч бас сонин байна?

-МАН бол Ази тивд анх байгуулагдсан, хамгийн урт настай улс төрийн институц. Аливаа институц цаг хугацааны явцад илүү төлөвшиж, институцийн соёлоо бэхжүүлж явдаг. Азийн орнуудын социал демократ үзэлтэй улс төрийн намын залуучуудтай нэг танхимд чуулаад, үзэл бодлоо уралдуулж байхдаа Азийн хамгийн ууган улс төрийн нам болох МАН хүний нөөц, хэрэгжүүлж байгаа бодлогын хувьд Азийн бусад орны түвшинд яваа юм байна. Залуучууд нь мэдлэг, боловсролоор хоцрогдохгүй. МАН Азийн социал демократ үзэл баримтлалтай улс төрийн намууд дотроос одоогоор дангаараа засгийн эрх барьж байгаа улс төрийн нам. Энэ утгаараа бид Ази тивдээ манлайлал үзүүлэх ёстой. Манлайлал үзүүлэх бүрэн боломжтой гэж харж байна. Байгуулагдсан цаг хугацааны түүх урттай, боловсон хүчний нөөц сайтай, засгийн эрх барих туршлагатай. Төрийн гурван өндөрлөгүүд энэ намаас угшилтай гэх мэт үзүүлэлтүүд бол МАН-ын давуу тал юм.

-Ирэх зун Улаанбаатарт Азийн улс төрийн намууд чуулах сурагтай байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ оны наймдугаар сард Азийн улс төрийн намуудын (ICAPP) олон улсын Бага хурлын Залуучуудын VI, Эмэгтэйчүүдийн VII Их хурлууд Улаанбаатар хотод болно. ICAPP-ыг 2000 онд Азийн улс төрийн олон өөр үзэл баримтлалтай улс төрийн намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилгоор үүсэн байгуулсан байдаг. БНСУ-ын Сөүл хотод төвтэй ICAPP-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэн гэдгээрээ онцлогтой.

Энэ байгууллагын нөлөө тогтмол өссөөр 2020 он гэхэд үйл ажиллагаанд нь бүс нутгийн 52 улс орны 352 улс төрийн нам тус байгууллагад гишүүнээр элссэн байгаа. МАН 2004 оноос үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдон ажиллаад явж байна. 2019 оны зургадугаар сард Ерөнхий нарийн бичгийн дарга асан Пак Ро Бюун Улаанбаатар хотод айлчилж байлаа. Энэхүү байгууллагын ээлжит хурлыг Монгол Улс тэр дундаа МАН зохион байгуулах эрх аваад бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Энэ хурлыг МАН хүлээн авч зохион байгуулж байгаа гэдгээрээ түүхэн арга хэмжээ гэж хэлж болно. Хурлын үеэр дэлхийн улс төрд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн идэвхжүүлэх вэ гэдэг асуудлыг авч хэлэлцэхээс гадна улс орнууд туршлага судлах боломж нээгдэх юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.