Мэдээ

"Манлайлагч 350” хөтөлбөрийн 4-р бүлгийн сургалт эхэллээ

Админ
2023/04/12

Монгол Ардын Нам, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо 21 аймаг, нийслэлд ажиллаж, амьдарч байгаа нийт эмэгтэйчүүдээ сургаж, бэлтгэх, чадавхжуулах зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Манлайлал 350” хөтөлбөр хэрэгжүүлж, одоогийн байдлаар 180 манлайлагч эмэгтэйг хамруулаад байна. Үүний үргэлжлэл болж өнөөдөр дөрөвдүгээр ээлжийн сургалтад Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймаг болон Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 60 манлайлагч эмэгтэйд зориулсан сургалт эхэллээ.  

Энэ удаагийн сургалтыг нээж Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Ардын Нам энэ жилийн үйл ажиллагааныхаа нэн тэргүүнд жендерийн тэгш эрхийн асуудлыг тодорхойлсон. Өнөөдөр бид жендерийн тэгш эрхийн асуудлыг ярихын тулд хаа хаанаа хандлагаа өөрчлөх ёстой. Бүгдийг эрчүүд чадна гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд бид чадна. Бидэнд ийм давуу талууд бий гэдгийг харуулах ёстой. Эмэгтэйчүүд та бүхэн өөрсдийгөө өнөөдөр байгаагаасаа илүү давуу байдлаар үнэлэх ёстой. Нийгмийн манлайлагч болсон та бүхэн чадна” гэдгийг онцоллоо. 

Монгол Ардын Намын “Шинэ зуун Дэвшилтэт бодлого” хөтөлбөрт “Жендерийн эрх тэгш байдлыг хангасан бодлого, эрх зүйн орчин, соёлыг бүрэн төлөвшүүлнэ” гэж заасан. Энэ зорилтдоо хүрэхийн тулд улс төрийн намуудаас анх удаагаа Жендерийн эрх тэгш байдлыг хангахад баримтлах бодлогын бичиг баримтыг боловсруулан хэрэгжүүлж байгаа. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, цалин хөлсгүй, тэгш бус халамж, асаргааны үүрэг хүлээдэг, дэмжлэггүй хууль эрх зүйн орчин, давхар стандарт болон жендэрт суурилсан хэвшмэл ойлголт нь эмэгтэйчүүд нийгэмд оролцох оролцоог багасгах, тэгш боломжийг бүрдүүлэхгүй байх үндсэн нөхцөл нь болдог. 


Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэрийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал Демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл, шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд энэхүү сургалт зохион байгуулагдаж эхэллээ. 

НҮБ, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын Академи, Хүний Эрхийн Дэвшилтэт Бодлогын хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, судлаачид сургалтыг удирдан явуулж байна. 








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.