Мэдээ

Португалын Социалист Намын дарга Антонио Коста: Европын зөвлөл нь ардчиллын үнэт зүйлсийг сурталчлах, хамгаалахад чухал үүрэгтэй

Админ
Өчигдөр 09 цаг 40 минут

Исландын нийслэл Рейкьявик хотноо хоёр өдрийн турш үргэлжилсэн Европын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад Португалын Социалист Намын дарга Антонио Коста хэлсэн үгэндээ  “Европчууд бид бүгдээрээ энэ  хүнд хэцүү цаг үед анхааралтай байх нь чухал юм. Тиймээс Европын зөвлөл "ардчилал, энх тайвны үнэт зүйлсийг хамгаалж, сурталчлах" талаар илүү их хүч чармайлт гаргах нь чухал” гэдгийг онцолжээ.

Мөн тэрээр дэлхийн өнөөгийн нөхцөл байдалд “Авлигатай тэмцэх, тэгш бус байдалтай тэмцэхийн тулд олон улсад дэвшилтэт татварын тогтолцоог хэрэгжүүлэх, уур амьсгалын томоохон өөрчлөлтийг зогсоохын төлөө хамтран ажиллаж, хууль дээдлэх ёсыг төрийн үйл ажиллагаанд улам чандлан хэрэгжүүлэхэд дэлхийн дахины социал демократууд идэвхтэй оролцох ёстой” гэж уриалжээ.

Европын зөвлөлийг бүрдүүлдэг нийт 46 орны төлөөлөгчид дараах хоёр асуудлыг дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

  • Шинэ сорилтууд: Хүний эрхийн зөрчлийг арилгаж, дайн тулааны улмаас хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдөж буй асуудлыг чухалчлан анхааралдаа авах ёстой. Мөн байгаль орчны бохирдол, улс төр, нийгмийн хүрээний тулгамдсан асуудалд улс орон бүрд буй социал демократууд дэвшилтэт шийдлийг тасралтгүй эрэлхийлж, эв санаагаар нэгдэх нь цаашид тулгарч болох олон сорилтыг шийдвэрлэх үндэс суурь болно;
  • Украйныг сэргээн босголт: Португали Улс Украйныг сэргээн босгох ирээдүйн хамтын хүчин чармайлтад идэвхтэй оролцох болно. Мөн ОХУ-ын дайралтын улмаас үүссэн хохирлыг зайлшгүй судалж, Европын зөвлөл бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Дайны төгсгөлд нөхөн төлбөр авах, ард иргэдийн хохирлыг барагдуулахад нэн чухал тоон дата болно гэсэн санал зөвлөмжийг гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: https://ps.pt/antonio-costa-conselho-da-europa-e-essencial-para-promover-e-defender-os-valores-da-democracia/

 Орчуулсан: Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Батмэнд



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.