Мэдээ

“Хүн төвт” Социал демократ үзэл баримтлал

Админ
2024/01/08

МАН 30 дугаар их хурлаараа “Социал демократ үзэл баримтлалтай нам байна” гэдгээ зарласан. Тиймээс социал демократ үзэл баримтлал, түүний онцлогийг бэлтгэн хүргэж байна.

Улс төрийн үзэл баримтлалыг зүүний болон барууны хэмээн хоёр жигүүрт хуваан үздэг. Социал демократ нь зүүн жигүүрт хамаардаг. Харин баруун жигүүрт консерватив, неолиберализм, национализм, фашизм зэрэг багтана. Эрс барууны үзэл баримтлалын жишээ бол Дэлхийн II дайны үеийн Фашист германы үе байсан бол эрс зүүний үзэл баримтлалын жишээгээр XX зууны Зөвлөлт Холбоот Улсыг дурдаж болно. Харин дэлхийн улс орнууд өдгөө эрс гэхээс илүүтэй төвийг баримталсан шинжтэй болж, зүүн төвийн эсвэл барууны төвийн болж өөрчлөгдсөөр байна. Социал демократ үзэл баримтлал нь зүүний төвийн буюу капиталист нийгмийн зарим шинжийг (хувийн хэвшил зэрэг) хүлээн зөвшөөрөхийн сацуу социализмын зарим шинжийг (төрийн оролцоо зэрэг) өөртөө агуулдаг онцлогтой.

Социологич Эспин Андерсэний тодорхойлсноор, орчин үед дан ганц монархизм, фашизм эсвэл социализм, коммунизм гэсэн эрс зүүний, эсвэл эрс барууны үзэл баримтлалыг баримталдаг улс орон үгүй болж, харин улс төрийн намууд консерватизм, либерализм болон социал демократ гэсэн үндсэн гурван үзэл баримтлалыг баримтлах болов гэсэн байдаг.

Эдгээр үзэл баримтлалыг товчхон авч үзвэл:

1. Консерватив үзэл баримтлал: 1789 оны Францын хувьсгал ялж, түүний нөлөөгөөр хуучин бүхнийг халж цоо шинэ үнэт зүйлсийг бий болгох гэсэн нийгмийн их эргэлтийн эсрэг хуучин үнэт зүйлээ хадгалж үлдэх гэсэн үзэл санааны баримтлал болж консерватизм үүсжээ. Консервативчууд тэгш бус байдал бол зүй ёсны зүйл гэж үздэг бөгөөд үндсэн соёл, уламжлал, статус квог хадгалж үлдэхийг зорьдог.

2. Либерал үзэл баримтлал: XVII-XVIII зууны үед хаант ёс, дэг журмын эсрэг хүчнүүдийн тэмцлийн явцад үүссэн. Либерализм нь эрх чөлөө гэсэн агуулга бүхий нэр томьёо бөгөөд үүнд чөлөөт шүүмжлэл, сэтгэлгээний өөр хэв загварыг хүлээн зөвшөөрөх, хувь хүнийг албадах аливаа хэлбэрийг эсэргүүцэх, хувийн өмч, чөлөөт өрсөлдөөн зэрэг орно.

3. Социал демократ үзэл баримтлал: XIX зууны эцэс, XX зууны эхэн үеэс социал демократуудын зарим хэсэг нь марксизмд шүүмжлэлтэй хандах болсноор социал демократ үзэл баримтлалын эхлэл тавигдсан юм.

Социал демократ бол социализм хэмээх улс төрийн сэтгэлгээний уламжлалаас үүдэлтэй үзэл баримтлал юм. Тэгш эрх, нийгмийн шударга ёс, хүмүүнлэг байдлыг эрэлхийлэх нь бүх социал демократуудын гол зорилго юм. Капитализм нь тэгш бус байдал, ёс суртахуунгүй байдлыг бий болгодог тул социал демократууд үүнийг засахыг зорьж гарч ирсэн. Нийгмийн онолчид капитализмыг ёс суртахуунгүй, харин социал демократ нь ёс суртахуунтай талыг оруулж ирдэг гэж үздэг. Улмаар нэгдмэл ганц үзэл суртлын үндсээс татгалзаж, холимог эдийн засгийн механизмын бодлого баримтлах болсон.

Социал демократ үзэл баримтлал нь бусад үзэл баримтлалаас ялгарах онцлог:

• Капитализмын баялаг бүтээдэг талыг хүлээн зөвшөөрч, тэгш бус байдал үүсгэдэг талыг хүлээн зөвшөөрдөггүй. Иймд төрийн зохистой оролцоо шаардлагатай ба ингэснээр нийтийн эрх ашгийг хамгаалахыг эрмэлздэг.

• Эрс хувьсгал бус харин үндсэн хуулийн дагуу аажмаар өөрчлөлт хийнэ. Намын мөрийн хөтөлбөр болон бодлогоор нийгмийн асуудлыг шийдэх замаар сайн сайхан байдалд хүрнэ гэж үздэг онцлогтой.

Швед, Герман, Норвег, Япон, Шинэ Зеланд зэрэг улс социал демократ үзэл баримтлалаар замнаж байгаа бөгөөд эдгээр орны нийтлэг шинж нь хөгжингүй орнууд байна. Социал демократчууд нийгмийн байгаа байдлыг хадгалах гэхээс илүүтэй нийгмийг өөрчлөх, ахиж дэвших гэсэн үзэл санаан дээр тогтдог.

Монгол Ардын Нам нь зүүний үзэл баримтлалтай бөгөөд түүхэн замналыг нь харвал эрс зүүний жигүүрээс зүүн төвийн болж хувьсан иржээ. МАН-ын үзэл баримтлал бол социал демократ улс төрийн үзэл баримтлал юм.


Эх сурвалж: Стратеги Академи, “Социал демократ үзэл баримтлал” хураангуйлсан гарын авлага, 2022 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.