Мэдээ

Д.Амарбаясгалан: Д.Сүхбаатарын байгуулсан түүхэн гавьяаг хэзээ ч мартах учиргүй

НамАдмин
2021/01/19

Ардын хувьсгалын их удирдагч, Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг, их жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн түүхт ойн мэндийг Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультнууд Та бүхэндээ хүргэн мэндчилье.
 
Удахгүй 100 жилийнхээ түүхт ойг тэмдэглэх Монгол Ардын Намын түүхийн эхлэл хуудас, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө хийж бүтээсэн бүхэн Ардын хувьсгалын их удирдагч, их жанжин Д.Сүхбаатарын үйл хэргийн үргэлжлэл билээ. Харийн дарлалаас эх орноо чөлөөлөх Монгол түмний хүсэл мөрөөдөл битүүхэн оргилсон он жилүүдэд бага насаа өнгөрүүлсэн Дамдины Сүхбаатар Богд хаант Монгол Улсын цэрэгт алба хашиж, Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажиллаж байгаад улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахаар Хувьсгалт нууц бүлгэмийг нөхдийн хамт байгуулж, улмаар Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцсан юм. Монгол Ардын Намын чинхүү зорилго нь эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо баталгаажуулах байв.
 
Дамдины Сүхбаатар Ардын Засгийн газрын Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилогдон, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө Хиагтыг, Нийслэл хүрээг чөлөөлөх удаа дараагийн байлдаануудад гарамгай гавьяа байгуулж, зорьсон үйл хэргээ бүтээж, зол жаргалант Монгол Улсыг журмын нөхдөө оройлон манлайлж байгуулсан түүхэн гавьяаг хойч үе хэзээ ч мартах учиргүй билээ.
“Бидний улс эв саналыг нэгтгэн, нийт нэгэн хүчнийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхгийн савраас гарч, учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээх Ардын хувьсгалын их удирдагчийн хэлсэн үг, үзэл санаа, үйл хэргийг үргэлж санаж, үеийн үед дуурсгах учиртай билээ.
 


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.