Мэдээ

Германы Социал Демократ Намын бүлгийн дарга Монгол Улсад ажлын айлчлал хийж байна

Админ
2022/10/25


Монгол-Герман улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын эрх баригч намууд чухал үүрэгтэй


Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестаг дахь Германы Социал Демократ Намын бүлгийн дарга Ролф Мюүтцинэх Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхлаа. Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12-15-ны өдрүүдэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь хоёр орны итгэлцлийг бэхжүүлэх, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, стратегийн түвшинд хүргэх ач холбогдолтой айлчлал болсон хэмээн талууд уулзалтын үеэр дүгнэв.

Монгол-Герман хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн яриа, хэлэлцээг бодит ажил болгоход хоёр улсын эрх баригч намууд чухал үүрэгтэй гэдгийг Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн уулзалтаар онцоллоо. Мөн хоёр орон ойрын жилүүдэд газрын ховор элементийг харилцан ашигтайгаар ашиглах, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилтын хүрээнд тээвэр логистик, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт Монгол улсаас 1000 инженер бэлтгэх хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэхэд Герман улсын Бундестаг дахь Социал Демократ намын зүгээс дэмжиж ажиллахыг хүссэн юм.

Айлчлалын бүрэлдэхүүн дараа нь Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалантай албан уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр ХБНГУ-ын Бундестаг дахь Социал демократ намын бүлгийн дарга Ролф Мюүтцинэх хэлэхдээ “нэг үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүд нийгмийн тэгш бус байдлыг арилгахад хамтран ажиллах нь гол зорилго гэдгийг дурдав. Мөн Герман улсын хувьд түүхий эдээ олон улсаас авах сонирхолтой бөгөөд энэ нь Монгол Улсад зохистой хөдөлмөрийн ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.  

Харин Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан эрх баригч намын хувьд хүний эрхийн дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлж, тэр дундаа жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж байгааг онцлоод ХБНГУ-ын Социал демократ намтай хамтран ажиллаж, залуус, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх, парламентын засаглалыг дархлаажуулах тал дээр туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Ардын Нам засгийн эрх барьж байгаагийн хувьд төрийн түвшинд том реформ хийж байгаа.Төр иргэнд хүнд суртал үзүүлдэггүй, авлига хээл хахуулаас хол байх ёстой. Тиймээс иргэдэд хүндрэл учруулдаг олон дамжлагыг цөөлөх бодлого барьж байна” хэмээв. Хоёр талын уулзалтаар социал демократ үзэл баримтлалтай улс төрийн намууд хамтран ажиллаж, хүн бүрт сайхан амьдрах тэгш боломжийг олгох, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, нийгмийн сайн сайхны төлөөх нийтийн эрхийг хамгаалах зохицуулалтыг хуулиуддаа тусган ажиллах нь чухал гэдэг дээр санал нэгдлээ.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.