Намын хөтөлбөр

logo Намын хөтөлбөр
(Хичээн эрмэлзэх зүйл)-ийн шинэчилсэн найруулга

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Ардын Нам нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг бэхжүүлсэн, өмнөх үеийн амжилт бүтээл, өнөө үеийн хичээл зүтгэл, ирээдүй хойч үеийнхээ хүсэл мөрөөдлийг тээсэн сайн сайхан нийгмийг цогцлооно.

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Монгол Ардын Нам нь ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС, ЭВ САНААНЫ НЭГДЭЛ, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн СОЦИАЛ ДЕМОКРАТ үзэл баримтлалтай улс төрийн байгууллага мөн.

Монгол Ардын Нам нь ардчилсан засаглалыг төлөвшүүлэгч, нөөц, баялгийн тэгш, хүртээмжтэй,
шударга хуваарилалтыг дэмжигч, төрийн зохистой оролцоо бүхий эдийн засаг, нийгмийн сайн сайхны төлөөх дэвшилтэт үзэл санааг дээдлэгч Монгол Улсын ТУСГААР ТОГТНОЛ, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА, хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч мөн. 

Монгол Ардын Нам нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тулгуурлан, даян дэлхийн энх тайван, улс орнуудын тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн социал демократ үзэл санааны түүчээ, төлөвшиж нягтарсан, дэвшилтэт нам мөн.

ҮНЭТ ЗҮЙЛ

Монгол Ардын Намын үнэт зүйл нь эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл мөн.

Эрх чөлөө гэж хүн бүр эрх чөлөөгөө эдлэх, сонголт хийх боломжоор хангагдаж, хүний эрх, эрх чөлөөнд дур зоргоор халдахаас хамгаалагдаж, эрх, үүрэг, хариуцлагын нэгдэл бий болсон байхыг;             

Шударга ёс гэж хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилахыг;

Эв санааны нэгдэл гэж хүн бүр харилцан хариуцлага хүлээж, бие биенээ дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллахыг тус тус ойлгоно.

ЭРХЭМ ЗОРИЛГОО ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
НЭГ. ХҮНИЙ ЭРХ, СОЦИАЛ ДЕМОКРАТ ҮНЭТ ЗҮЙЛС
Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, зөрчигдөхөөс сэргийлж, үүрэг, хариуцлагаа ухамсарласан иргэдийн хяналт, оролцоог дэмжинэ.

Хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, хуульчлан хамгаална.

Нийгмийн шударга ёсыг бий болгох, баян хоосны хэт ялгааг арилгахад чиглэсэн дэвшилтэт татварын бодлого хэрэгжүүлнэ.

Эв санааны нэгдэлтэй, чөлөөт, шударга нийгмийг байгуулахын тулд нийгмийн хамгааллын зохистой, үр дүнтэй, үр нөлөөтэй бодлого хэрэгжүүлнэ.

Эрх мэдлийн давуу байдал үүсгэхгүйгээр төр, хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэл зэрэг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран, нийгмийн бүх талын эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

ХОЁР. ЭВ САНААГААР НЭГДСЭН НИЙГЭМ
Нийтийн сайн сайхны төлөө нийгмийн нөөц, баялгийг хуваарилахад төрийн зохицуулалт, иргэний идэвхтэй оролцоог хангаж, иргэн бүрд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж байхыг эн тэргүүнд тавина.

Эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ.

Бүгдийг тэгш хамарсан, адил тэгш боломж олгосон, чанартай, насан туршдаа суралцахуйц, бүх нийтийн боловсролыг дэмжинэ.

Ажлын байрыг нэмэгдүүлсэн, хөдөлмөрийн харилцаанд ажилтан, ажил олгогчийн эрхийг тэнцвэртэй хангасан, амьдралд хүрэлцэхүйц цалин хөлс бүхий зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

Хот, хөдөөгийн харилцан шүтэлцээтэй хөгжлийн бодлого хэрэгжүүлж, амьдралын чанарын ялгааг бууруулна. 

ГУРАВ. ШУДАРГА ЁСНЫ ЗАСАГЛАЛ

Хяналт тэнцлийн зарчмыг тусгасан эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгож, хууль дээдлэх ёсыг чанд сахисан, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалсан парламентын ардчилсан засаглалыг бэхжүүлнэ.

Нээлттэй, хариуцлагатай, авлигаас ангид засаглалыг төлөвшүүлнэ.

Бүх нийтийн сайн сайхны төлөөх нийгэм, эдийн засгийн бодлого, үйл ажиллагаанд төрийн оролцоог зохистой болгоно.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангасан бодлого, эрх зүйн орчин, соёлыг бүрэн төлөвшүүлнэ. Цахим хуваагдлыг арилгаж, хүн бүрд хүртээмжтэй цахим шилжилт хийнэ.

ДӨРӨВ. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЧАНАРТАЙ ӨСӨЛТ БҮХИЙ ЭДИЙН ЗАСАГ

Инновац шингээсэн, бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай, экспортын чиг баримжаатай, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

Шинжлэх ухаан, технологийн ололт, инновац, бүтээмжид суурилсан үндэсний аж үйлдвэрийн
чадавхыг нэмэгдүүлнэ.

Нийтийн сайн сайхныг цаг ямагт эрхэмлэн, тэгш бус байдлыг бууруулах нийгэм-эдийн засгийн бодлогоор чинээлэг дундаж давхаргыг тэлнэ.

Ядуурлыг бууруулах цогц бодлого боловсруулж, орлого хүртээмжийг нэмэгдүүлснээр хүн бүр нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг нээнэ.

Үе хоорондын шударга ёсны зарчмаар нөөц баялгийг ирээдүй хойч үедээ хадгалан үлдээх, гадаад өрийн асуудлаар хойч үедээ дарамт, хохирол учруулахгүй байх бодлого хэрэгжүүлнэ.

ТАВ. ЭХ ДЭЛХИЙД ЭЭЛТЭЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулсан ногоон хөгжлийн цогц бодлогыг бүх талаар дэмжинэ.

Үндэсний язгуур соёл, хэл, ёс, заншил, нүүдлийн соёл иргэншлийн шилдэг өвийг хадгалан, хамгаалж уламжлан хөгжүүлнэ.

Шинжлэх ухаан, инновацын дэвшлийг нэвтрүүлж, өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд дасан зохицох үндэсний чадавхыг бэхжүүлнэ. Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч хөдөлмөрийн үнэ цэнийг өсгөж, оюуны хөгжлийг эн тэргүүнд тавина.

Хүн төрөлхтний оршихуйн үндэс болсон байгаль орчноо унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэхийг зорино.

Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан хөдөө аж ахуй, хариуцлагатай аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

МОНГОЛ АРДЫН НАМЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД БИД:

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, намын хөтөлбөр, үнэт зүйл, үзэл санаан дор эвлэлдэн нэгдэж, эх орныхоо өнгөрсөн, өнөө, ирээдүйн өмнө түүхэн хариуцлага хүлээж байгаагаа гүнээ ухамсарлан эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг чандлан сахихаа батлан илэрхийлж байна.

Намын дүрэм татаж авах

ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.