Мэдээ

СДМЭХ-ны Нийслэл, дүүргийн бүсийн чуулган эхэллээ

Админ
2023/12/08

Монгол Ардын Намын дэргэдэх СДМЭХ-ны нийслэл, дүүргийн бүсийн чуулган  эхэллээ. Тус холбооноос хүн бүрд ээлтэй нийгмийг цогцлоох үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг идэвхжүүлэх зорилгоор бүсийн чуулганыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Үүний  дагуу өнгөрсөн хугацаанд Хангайн болон Говийн бүсийн эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулсан. Энэ удаад нийслэлийн 9 дүүргийн эмэгтэйчүүд ийнхүү чуулж байна.  

Чуулган хоёр хоног үргэлжлэх бөгөөд нийслэлийн 9 дүүргийн эмэгтэйчүүд орон нутаг дахь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал, шийдвэр гаргах түвшин дэх оролцооны асуудлыг хөндсөн юм.

Чуулганыг нээж СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ: “Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг шинэ шатанд гаргаж буй нэн чухал цаг үед өнөөдрийн чуулган зохион байгуулагдаж байна. Хөгжил хүн бүрт ээлтэй байх ёстой. Ээлтэй хөгжлийн бодлого гаргахад эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо чухал” гэлээ. 

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо нь 97 мянган гишүүнтэй бөгөөд үүний 40 гаруй мянган гишүүн нь Улаанбаатар хот, нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж амьдарч байна. Нийслэл, дүүргийн бүсийн чуулганд 600 гаруй эмэгтэйчүүд чууллаа. 

Нийслэл, дүүргийн бүсийн чуулганд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож үг хэлсэн юм. 2021 оны 12-р сард Монгол Ардын Нам 30 дугаар Их хурлаараа Социал Демократ үзэл баримтлалтай нам болохоо зарласан. Энэ ч утгаар жендэрийн тэгш эрхийг хангасан улс төрийн хүчин байна гэдгийг тодотгосон. Мөн энэ жил эмэгтэйчүүдтэй холбоотой олон эрх хуульчлагдсан хамгаалагдсан. Тухайлбал нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын ерөнхий хуульд эмэгтэйчүүдийн амьдралын чанарыг сайжруулах чухал заалтуудыг тусгасан юм. Мөн Сонгуулийн тухай хуульд 2024 оны ээлжит сонгуулиар нэр дэвшигчдийн 30 хувь, 2028 онд 40 хувьд хүргэх эрх зүйн шинэчлэлийн түүхэн шийдвэр гарсан. Үүнээс гадна жагсаалтаар нэр дэвшигчийг 1:1 хүйсийн харьцаагаар нэр дэвшүүлэхээр болсон нь азид анхдагч болсон төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг онцлоод Монгол Ардын Нам дарга байхын тулд ялдаг цаг үеийг халах ёстой. Монгол Ардын Нам ард түмнийхээ нэг хэсэг нь байж чаддаг, тэднийхээ амьдралын зовлон бэрхшээлийг хуваалцаж чаддаг, тэр асуудлыг нь шийдвэрлэж чаддаг улс төрийн нам байхын төлөө бид хичээх ёстой. Энэ өөрчлөлтийг авчирч чадвал Монгол Улс хөгжинө” гэлээ. 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь ихсэх нь нийгмийн асуудлууд уян хатан байдлаар шийдэгдэх, төсвийн үргүй зарцуулалт буурах, нийгмийн сэтгэлзүй зөөлрөх зэрэг олон эерэг нөлөөтэй. 

Дашрамд дурдахад 2023 оны 09 дүгээр сард Дорноговь, Дархан-Уул, Ховд аймагт орон нутагт ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүд уруу чиглэсэн бүсийн чуулганууд зохион байгуулагдсан бөгөөд нийтдээ 1500 гаруй эмэгтэйчүүд хамрагдаж дуу хоолойгоо хүргэсэн юм. 








ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.