Мэдээ

Женев хотноо болж буй “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээнд ГХ-ны сайд Б.Батцэцэг оролцож байна

Админ
2023/12/12

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Энэхүү ойг тохиолдуулан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж байна. 

НҮБ-ын анхны тулгуур баримт бичиг болох “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” одоогоос 75 жилийн өмнө батлагдаж эдүгээ жил бүрийн энэ өдрийг “Хүний эрхийн олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Дэлхийн 130 гаруй улсын төр, засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд, бусад өндөр түвшний зочид хуран цугласан тус дээд, өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албанаас санаачлан зохион байгуулж буй “Хүний эрх-75” арга хэмжээний үндсэн зорилго нь дэлхий нийтээр өнгөрсөн цаг хугацаанд хүрсэн ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн, улмаар тус Тунхаглалд дэвшүүлсэн хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш байх, шударга ёсыг тэгш хүртэх баталгааг хангах үүрэг амлалтаа сэргээн санаж, ирэх 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангах хүч чармайлтаа эрчимжүүлэх, энэ хүрээнд бүх түншлэгч талууд үүрэг амлалтаа хамтран тодорхойлоход чиглэж байна.

Өндөр түвшний арга хэмжээний эхний өдөр улс орнууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч байгаа сайн дурын үүрэг амлалтаа танилцуулсан ба Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас жендэрийн тэгш байдлыг хангах нийтлэг зорилтын хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн “She for He” санаачилгыг дэвшүүлж,  Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (II)-ийг баталж, хэрэгжүүлэх болон НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах үүрэг амлалт авч байгааг танилцууллаа.

Арга хэмжээний үеэр улс орнуудын засгийн газраас гадна хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг хүний эрхийг хангах тогтолцоонд оролцогч бусад тал мөн үүрэг амлалтаа танилцуулсан юм.

Монгол Улс өнөөдөр хүний эрхийн үндсэн болон олон талт 8 гэрээ, тэдгээрийн нэмэлт 9 протокол, мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрлөх эрхийн суурь 8 конвенцид нэгдэж орсон, эдгээр олон талт олон улсын гэрээг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт тавьж ажиллаж байна.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.