Мэдээ

Социал демократ үзэл баримтлал чинээлэг дундаж давхаргыг бий болгодог

Админ
2024/01/12

Социал демократуудын хувьд гэр бүл болон хүүхдийн эрх ашгийг төр хамгаалдаг. Хүндхэн байдалд байгаа гэр бүлд туслалцаа үзүүлэхэд төрийн тэтгэмж чухал ач холбогдолтой бөгөөд ямар нэгэн шалтгаанаар хувь хүн нийгмийн нөөц, баялгаас хүртэж чадахгүй байгаа газар бүрд төр алхам хийх ёстой гэж үздэг.

Социал демократ үзэл баримтлалд эцгийн эрх давамгайлсан уламжлалт гэр бүлийн ёсыг зөвтгөх бус харин илүү эрх чөлөөтэй байх хэрэгтэй гэж үздэг. Тодруулбал, гэр бүлийн  гишүүдийн үүрэг хариуцлага хүйсээс хамаарч тодорхойлогдохоос илүүтэй жендэрийн эрх тэгш байдлын үүднээс гэр бүлийн харилцааг зохицуулах нь зохистой гэж үздэг. Мөн социал демократууд хүүхэд багачуудыг төр хүмүүжүүлж, боловсрол эзэмшүүлснээр ирээдүйн найдвартай татвар төлөгчдийг төлөвшүүлэх суурь нөхцөл бүрдэнэ  гэсэн байр суурьтай байдаг.

Социал демократ хэв шинжит төртэй орнуудын эмэгтэйчүүд гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийг илүү сайн хослуулж чаддаг. Эмэгтэйчүүд нь либерал болон консерватив хэв шинжит төртэй орнуудаас илүү социал демократ төртэй оронд олноороо хөдөлмөр эрхэлдэг. Социал демократууд халамжаас хөдөлмөрт гэсэн зарчимд суурилдаг. Социал демократууд  хүүхдээ  асарч буй эмэгтэйн хөдөлмөрийг үнэлэх, нийгэмд татан оролцуулах боломжийг олгох гэр бүлийг хамгаалсан бодлого хэрэгжүүлдэг. Жишээлбэл, ядууралд нэрвэгдсэн өрхөд халамж өгөхдөө нөхцөл тавих ба хүүхдээ сургуульд нь заавал явуулахад анхаарах хэрэгтэй гэнэ. Ингэснээр үе дамжсан ядуурлаас гаргах үр дүнг хүлээдэг. Монгол Улсын хувьд хүүхдээ харж буй эмэгтэйчүүдэд зориулсан цалинтай ээж хөтөлбөр,  хүүхдийн мөнгө сар бүр төрөөс олгодог нь эх хүүхдээ эрүүл саруул өсгөхөд дэм үзүүлж буй нэг хэлбэр юм.

Хүмүүс өсөж төрсөн гэр бүл нь харилцан адилгүй байдаг. Зарим нь ядуу гэр бүлээс гаралтай хүүхдүүдийн өмнө баян гэр бүлээс гаралтай хүүхдүүдээс тэс өөр амьдралын боломж хүлээж байдаг. Төр нь боломж муутай хүмүүст туслах үүрэгтэй.

Социал демократууд хамтын хүч, эв санааны нэгдлийг эрхэмлэн “Нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийн төлөө” гэсэн уриаг эрхэмлэдэг. Бид хамаатан садан, ах дүү хамтран нэг нэгнээ  дэмжин, хүнд цаг үеийг хамтдаа эвтэйгээр туулдаг нь социал демократ үзлийн суурь ойлголт бидний амьдралын хэв маяг, уламжлал, ёс заншилтай шууд холбогдож байдаг. 

Социал демократ үзэл баримтлал нь шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг бий болгодог

Социал демократууд гэр бүлийн орчин үеийн хандлагыг сайшааж, эмэгтэйчүүдэд тэгш боломж олгохыг чухалчилдаг. Жендэр бол хүн бүр нийгмийн хөгжлөөс хүйс үл хамааран үр  шим хүртэх үйл явц гэж тодорхойлдог. Үүний илрэл нь 2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжих хуулиар жагсаалтаар нэр дэвшигчдийг эрэгтэй эмэгтэй буюу 1:1 харьцаатайгаар нэр дэвшүүлэхээр хууль батлагдсан. Ингэснээр 2024 оны сонгуулийн үр дүнд УИХ-д сонгогдон ажиллах эмэгтэй гишүүдийн тоо дээр дурдсанчлан хамгийн багадаа 19 гишүүн болж нэмэгдэх боломжтой. Мөн үүнээс гадна 2024 оны сонгуулиар нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь, 2028 оны сонгуулиар нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэдгийг хуульчилж өгсөн.


Эх сурвалж: Стратеги Академи, “Социал демократ үзэл баримтлал” хураангуйлсан гарын авлага, 2022

 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.