Мэдээ

Социал демократ үзэл баримтлалд эдийн засаг

Админ
2024/01/15

Эдийн засаг нь засгийн газар (төр), ажил олгогч (бизнес эрхлэгч, хувийн аж ахуйн нэгж), ажилтан (хувь хүн, гэр бүл) гэсэн гурван үндсэн субьектийн оролцоотойгоор бүрдэж байдаг.

Социал демократууд үндэстний эрх ашгийн төв болсон салбаруудыг хэн нэгний хувийн гарт байх ёсгүй гэж үздэг. Жишээлбэл, уул уурхайн томоохон ордыг үндэстэн дамнасан корпораци эсвэл хувийн өмчийн мэдэлд бус, харин нийтийн эрх ашгийг хангахын тулд төрийн өмчид байлгадаг.

Социал демократ хэв шинжит төртэй орнуудад татварын хувь хэмжээ өндөр байдаг учраас төрөөс тусламж авах эрх нь өндөр төвшинд хангагдсан байдаг. Социал демократ төрөөс прогрессив (дэвшилтэт) татвараар дамжуулан халамжийн төрийг бэхжүүлж, ядуурлыг бууруулах болоод эмзэг бүлгийг дэмжихийн тулд өндөр  орлоготой иргэдээс өндөр татвар авдаг. Хүн бүр олсныхоо хэрээр төрд буюу олон нийтэд татвараа төлөх нь нийгмийн эрх тэгш байдал, улс орны хөгжилд эерэг нөлөөтэй гэсэн байр суурийг социал демократууд илэрхийлдэг.

Социал демократуудын эдийн засагт баримтлах бодлого

Эдийн засгийн 3 чухал онолыг товчоор дурдвал:

Цэвэр капитализм (Адам Смит)- Төр эдийн засгаас хол байх хэрэгтэй. Хүмүүс төрөлх чанартаа хөтлөгдөн хөрөнгө эзэмших, өмчтэй болохын төлөө зүтгэдэг. Энэ нь эдийн засгийн хөдөлгөгч хүч юм.

Капитализмыг эсэргүүцэгч урсгал (Карл Маркс)- Капиталист системийг хална. Учир нь хувийн өмч ба өрсөлдөөн хүмүүсийг мөлжлөгт хүргэдэг.

Жолоодлоготой капитализм  (Жон Мейнард Кейнс)- Эдийн засаг өмч ба зах зээл дээр суурилдаг. Харин төр зах зээлд ухаалаг дүрэм журмуудыг тогтоож хямралын үед эдийн засагт хөндлөнгөөс оролцоно.

Социал демократууд капитализмын баялаг бүтээдэг талыг дэмжиж тэгш бус байдал үүсгэдэг талыг нь алдаатай хэмээн үзэж зах зээлийн эдийн засаг болон төрийн оролцоо тэнцвэртэй байхад анхаардаг.

Социал демократууд нь нийгмийн асуудлыг шийдэж,  дэвшилтэт өөрчлөлтийг дэмжин хүн нэг бүрийг сайн сайхан амьдруулах зорилготой. Социал демократ эдийн засгийн бодлого  болох зохицуулалттай капитализмтай орнуудад уламжлалт салбаруудад нь том компаниуд, үйлдвэрүүд байдаг.

Социал демократ эдийн засгийн бодлого болох зохицуулалттай капитализмын нэгээхэн жишээ нь: Монгол Улсын хувьд 2019 онд КОВИД-19 цар тахлын үед иргэдээ хамгаалж хөл хориог тогтоосон  нь эдийн засгийн эргэлт зогсонги байдалд орж эдийн засаг агших үйл явц буюу айдсаас үүдэлтэй хэмнэлтийн горимд шилжсэн. Энэ үед иргэд зөвхөн хоол хүнсэнд мөнгөө зарцуулж өөр бүх үйлчилгээний газрууд, зах хоршоо, хувийн компани, жижиг дунд болон томоохон компани байгууллагууд хаалттай, ажиллахгүй байсан нь зөвхөн хүнсний зах зээлээс бусад салбарт ажиллаж амьдардаг иргэдийн орлого тасарч улс орон даяар бүсээ чангалан, компани хувийн аж ахуйн нэгж дампууран, ажилтнаа цомхотгож нийгэмд ажилгүйдэл нэмэгдсэн нь улс орны эдийн засагт шууд нөлөөлсөн билээ. Тус хямралын үед төрийн зохицуулалтай капитализм буюу төрөөс бодлогоор хэрэгжүүлж байсан томоохон төслүүдийг зогсоохгүйгээр хэрэгжүүлсэн нь нийгэмд шинээр ажлын байр бий болгосон томоохон бодлого байв. Мөн төрийн албан хаагчдын ажлын байрыг хадгалан үлдэж иргэдийн орлогын урсгалыг нэмэгдүүлэх замаар эдийн засагт төрийн оролцоог бий болгосон нь Ж.М.Кейнсийн онолд тулгуурлан гаргасан бодлого юм.

Хямралын үед иргэдийг бага ч гэсэн худалдан авах чадамжтай болгоход чиглэсэн хөтөлбөрүүдийг төр хэрэгжүүлж, татвараар дамжуулан баячуудын хөрөнгө, орлогын тодорхой хувийг дахин хуваарилалтаар эмзэг бүлэгт хүргэдэг. Энэ татварын тогтолцоо нь зөвхөн их орлого олж буй хүнээс ихээхэн хэмжээний татвар авахдаа гол нь биш зах зээлийн орчин эзэлсэн томоохон групп компаниудтай жижиг старт ап компани шударгаар өрсөлдөх орчин бий болгох давуу талтай юм.

Эх сурвалж: Стратеги Академи, “Социал демократ үзэл баримтлал” хураангуйлсан гарын авлага, 2022

 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.