Мэдээ

МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны залуус дэлхийн 10 гаруй орны залуучуудтай чууллаа

Админ
2024/02/24


Дэлхийн 52 орны 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн Ази тивдээ улс төрийн хамгийн том байгууллага болох ICAPP-ын Залуучуудын VII хурал өнөөдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Төрийн ордонд эхэллээ. 

ОХУ, Айзербайжан, Индонез, БНСУ, Камбож, Иран, Лаос, Казахстан, Узбекистан, Малайз, Вьетнам, Турк зэрэг 10 гаруй улс орны 15 улс төрийн намын төлөөлөгчид энэхүү хуралд оролцож байна. 

Энэхүү хурлыг Монгол Ардын Нам болон намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа юм. 2023 оны 08-р сарын 04-07-ны өдрүүдэд Монгол Ардын Нам Улаанбаатар хотод Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын Залуучуудын VI хурал, Эмэгтэйчүүдийн VII хурлыг зохион байгуулсан. 

Энэ үеэр МАН-ын Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал ICAPP-ын Залуучуудын байгууллагын тэргүүнээр сонгогдсон юм. Энэ ч утгаар энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулж байна. 

Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 30 гаруй хувь нь 20-29 насны залуучууд байгаа бөгөөд 2.8 хувь нь парламентад сонгогдон ажиллаж байна. Энэ бол хангалттай хувь хэмжээ биш гэсэн байр суурийг дэлхийн улс орнууд илэрхийлдэг.  Тиймээс 02 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ICAPP-ийн Залуучуудын олон улсын хурлыг МАН-ын дэргэдэх СДМЗХ-ноос “Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” сэдвийн дор зохион байгуулж байна. 

Хурлын үеэр уригдан ирсэн зарим улсын төлөөлөгчид залуусын оролцоог хангах асуудалтай жендэрийн асуудал зэрэгцэн явах ёстой гэдгийг бүс нутаг, олон улсын хэмжээнд анхаарах ёстойг онцолж байлаа. 


Орчин цагийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн тодорхой шийдвэр гаргахад залуусын оролцоо чухал гэсэн байрыг үүгээр илэрхийлж байна. Уригдаж ирсэн олон улсын төлөөлөгчдийн хувьд залуучууд бол тухайн улс орны олон нийт, нийгэмтэй харьцах гол гүүр нь болдог. Тиймээс аль ч улс орон, аль ч тивд залуусыг сонсоод өнгөрөх бус тэднийг шийдвэр гаргах түвшин буюу парламентад оролцох оролцоог хангах нь зөв шийдэл гэсэн байр суурийг илэрхийлж байна.










ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.