Мэдээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: МАН нь албан тушаал, эрх мэдлийн төлөөх үзэл санааг хэрэгжүүлэгч байж болохгүй

Админ
2024/03/15

Дэвшилтэт шийдэл төслийн хүрээнд Монгол Ардын Намын дэргэдэх “Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн”, “Дэвшилтэт социал демократ клуб” хамтран “Бодлогын зочин” уулзалтыг цуврал болгон зохион байгуулж байна.

2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр энэхүү цуврал уулзалтын долоо дахь удаагийн бодлогын зочноор Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан уригдан оролцлоо. “Хөгжилд хөтлөх тогтолцооны шинэчлэл” сэдвийн хүрээнд:

-           Монгол Ардын Намын шинэчлэл

-           Тогтолцооны өөрчлөлт

-           Төрийн өмчит компаний шинэчлэл

-           Төрийн албаны шинэчлэл гэсэн үндсэн дөрвөн асуудлыг хөндөн ярилцлаа.

 МОНГОЛ АРДЫН НАМЫН ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсад массын буюу олон гишүүнтэй улс төрийн хүчин аливаа нэгэн сонгуульд ялдаг гажуудал байсан. Энэ нь тухайн улс төрийн хүчинд ашигтай байсан болохоос төр улс, ард түмэнд үр өгөөжтэй хувилбар байгаагүй юм. Тийм ч учраас Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын XXX Их хурлын үеэр Улс төрийн намууд бодлого ярьж, бодлогоор өрсөлддөг болох шаардлагатай болсон гэдгийг тодотгоод Монгол Ардын Намыг бодлогын нам болгох зорилтыг тавьсан юм. Энэ зорилты хүрээнд намын дэргэд Стратеги академи, Дэвшилтэт бодлогын хүрээлэн, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэнг бий болгож Хүний эрхийг хамгаалах дэвшилтэт бодлого, Авлигын эсрэг дэвшилтэт бодлого, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэвшилтэт бодлогуудыг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн юм.

“МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Цаашид Монгол Ардын Нам нь хэн нэгэн эрх мэдэлтний албан тушаал, эрх мэдлийн төлөөх үзэл санааг хэрэгжүүлэгч нам байж болохгүй”

ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ

Төрийн тогтвортой байдал нь үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Тогтвортой байдлыг хангахын тулд төрийн тогтолцооын өөрчлөлт хийх ёстой. Төр засгийн тогтвортой байдлыг бий болгох үндсэн гол асуудал буюу тогтолцооны өөрчлөлтийг 2010 оноос хойш олон удаа ярьж байсан боловч хэрэгжүүлж чадаагүй юм. Тэгвэл Монгол Ардын Нам парламентад олонхи байгаа хугацаандаа тогтолцооны өөрчлөлтийг хийсэн юм. Өмнөх тогтолцоо нь парламентын хоёр сонгууль дараалан дийлэнх олонхийн санал авч чадсан МАН-д ашигтай тогтолцоо байсан. Гэвч намын эрх ашгаас илүүтэй улс орон, нийт иргэдийн эрх ашиг нэгдүгээрт эрэмбэлэгдэх ёстой. Тиймээс ч тогтолцооны өөрчлөлтийг өнгөрсөн жилүүдэд МАН эхлүүлсэн юм. Тогтолцооны энэхүү өөрчлөлт хийгдсэнээр цаашид аль нэгэн нам дангаараа олон жил засагладаг байдал байхгүй болно. Улс төрийн олон намын оролцоотой, нийгмийн олон төлөөлөлтэй парламент бүрдэх хууль эрх зүйн орчин бүрдсэн юм.

Тогтолцооны өөрчлөлтийн бас нэг гол үр ашиг нь төрийн бодлого уламжлагдан хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм. Нэг сайд солигдох эсвэл нэг мэргэжилтэн солигдох болгонд л өөр өөр бодлого яригдаж хийгдэж байсан бүтээн байгуулалтын болоод бусад ажлууд зогсдог байсан гажуудал үгүй болно.

Тогтолцооны өөрчлөлт хийгдсэнээр дан ганц Монгол Ардын Намд биш бүх улс төрийн нам, эвсэлд хүйсийн тэнцвэртэй байдал буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай асуудал хуулийн хүрээнд хөндөгддөг болсон юм.

“МАН-ын Ерөнхийн Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Тогтолцооны өөрчлөлт хийгдсэнээр хүйсийн тэнцвэрт харьцаатай нам бий болохоос гадна УИХ буюу хууль тогтоох дээд байгууллагад орж ажиллах эмэгтэйчүүдийн оролцоо, тоо нэмэгдэнэ. Өнөөдрийн УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17 хувьтай байгаа. Тэгвэл тогтолцооны өөрчлөлтөөр энэ хувь хэмжээ 25 хувиас дээш хувьтай болно”

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙ ШИНЭЧЛЭЛ

2022 онд төрийн өмчит компаниудын нийт ашиг 2.1 их наяд төгрөг байсан бөгөөд үүний 1.9 их наяд төгрөгийг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” хоёр л бүрдүүлсэн байдаг. Үлдсэн 200 тэрбум тэрбум төгрөгийг 96 төрийн өмчит үйлдвэрийн газрууд бий болгосон гэх тоо гарч байсан. Энэ бол төрийн өмчит үйлдвэрийн газрууд үр ашиггүй ажиллаж байсныг харуулж буй нэг л тоо.

Иймээс Засгийн газар ТӨҮГ-уудын үйл ажиллагааг нь тодотгох, ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нэгтгэх, Төрийн өмчит үйлдвэрийн газар нь хувийн хэвшлүүдтэй өрсөлдөхгүй байх, төр зайлшгүй оролцох шаардлагагүй бизнес төслүүдийг хувийн хэвшилд өгөх нь зүйтэй үзсэн юм. Энэ өөрчлөлтийн үр дүнгээр 2023 оноос эхлэн “Эрдэнэс Монгол”  нэгдэл нь жилдээ 200 тэрбумаас дээш төгрөгийг татан төвлөрүүлж  улс орны өмнө нэн хэрэгцээтэй байгаа стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдийг дангаараа хэрэгжүүлэх боломж нээгдэж Монгол улсын “Баялгийн сан”-гийн суурийг тавих боломж бүрдсэн юм.

“МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Төр бизнес хийдэг байдлаас бүрэн татгалзаж, болих хэрэгтэй. Хувийн хэвшилд боломж олгодоггүй байж болохгүй. Зах зээлийнхээ 30 хувийг аж ахуйн нэгжүүдэд үлдээж, 70 хувьд нь оролцож бизнес хийдэг байж болохгүй”

 ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭЧЛЭЛ

Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд орон нутагт ажиллаж байгаа 105.2 мянган төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгоно. Тодруулбал суманд ажиллаж байгаа төрийн албан хаагч үндсэн цалин дээрээ 40 хувийн нэмэгдэл, аймаг болон нийслэлийн алслагдсан 3 дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагч үндсэн цалин дээрээ 20 хувийн нэмэгдэл авна гэсэн үг.

Салбар яамдад байдаг чиг үүргийн давхцалыг арилгах судалгааны ажил 2023 онд хийгдсэн. Уг судалгаагаар ХНХЯ-нд чиг үүргийн давхцалтай 65 үйлчилгээ, зайлшгүй сайжруулах шаардлагатай 1000 гаруй процесс байгааг олж тогтоосон байна.

2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж “5Ш” ажиллагааг эхлүүлсэн. “Шүүр” ажиллагааны хүрээнд 3.387 байгууллагаас мэдээлэл нэгтгэгдэж 481 албан тушаалтны ажлаас нь чөлөөлж, 1.344 албан тушаалтны зөрчлийг арилгуулах арга хэмжээ авагджээ.

“Бодлогын зочин”-ноос уулзалтад оролцсон иргэд Шүүх засаглалыг сайжруулах асуудал, Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний асуудал, Ковидын дараа иргэн болон аж ахуйн нэгжид үзүүлсэн эдийн засгийн дэмжлэгийг үргэлжлүүлэх боломжийн талаар асууж тодруулахын зэрэгцээ Монгол Ардын Намын шинэ бодлого, шинэ зорилтыг дэмжиж байгаагаа хэлж байсан юм.





ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.