Мэдээ

МАН: Бизнес эрхлэгчдийн саналыг авлаа

Админ
2024/03/15

МҮХАҮТ-аас бизнесийн салбарын шинэчлэлийн талаарх саналуудаа хүргүүллээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2024 оны сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн гаргажээ. Энэхүү саналаа Монгол Ардын Намд өглөө.

МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Стратеги академийн захирал Д.Бумдарь нар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарыг хүлээн авч уулзлаа. МҮХАҮТ-аас УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналуудыг нэгтгэн боловсруулжээ. Уулзалтын үеэр уг саналыг “Монголын бизнесийн орчны 2023 судалгааны тайлан”-гийн хамт өглөө.

МҮХАҮТ-аас өгсөн саналд бизнес эрхлэх орчныг сайжруулах, төр засгийн бизнесийн орчны тогтвортой байдлыг хадгалах, концес буюу төр хувийн хэвшлийн түншлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Монгол Улсын эдийн засагт том нөлөө үзүүлэхүйц МЕГА төслүүдийг эхлүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, ажиллах хүчний асуудал багтжээ.

Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин: “Далд эдийн засгийг илрүүлж, татварыг тэгш байдлаар төлдөг байх зохицуулалт тун чухал байна. Бизнес эрхлэгчдийн зүгээс бизнесийн маргааныг шийдвэрлэх явц удаашралтай байдаг нь бизнесээ цааш үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болдог. Тиймээс бизнесийн маргааныг шүүх дээр хэлэлцэх хугацааг багасгах зэргийг МАН-ын мөрийн хөтөлбөрт оруулах саналдаа тусгасан” гэдгээ хэлж байлаа.

Аж ахуйн нэгж, компаниуд мэргэжлийн холбооддоо нэгдэж, холбоо нь тухайн салбартаа хяналтаа тавиад эргээд төртэй харьцдаг байх зохицуулалт чухал. Үүний үр дүнд бизнес дэх төрийн оролцоо буурна. Цаашид төрийн бодлогыг тогтвортой байлгахын тулд аль нэг салбар яам, хэн нэгэн сайд дор бүрнээ бодлого боловсруулдаг бус харин бодлогын хэрэгжилт хангадаг байх зохицуулалт хэрэгтэй гэдгийг МАН-ын удирдлагууд онцоллоо. Бизнесийн салбарынхны эдгээр саналуудыг МАН судалж, УИХ-ын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах юм.

Дашрамд дурдахад Монгол Ардын Нам 2024-2028 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа бөгөөд “Enam” аппликейшн, election2024@nam.mn цахим шуудан, Монгол Ардын Намын nam.mn вэб сайтаар дамжуулан иргэд, олон нийтийн байгууллагын санал хүсэлтийг авч байна.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.