Мэдээ

МАН: Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн саналыг авлаа

Админ
4 цаг 33 минутын өмнө

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа энэ үед Монгол Ардын Нам иргэдийн болон иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын саналыг нээлттэйгээр авч байна.

Өнөөдөр МАН-ын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, МАН-ын дэргэдэх Стратеги Академийн захирал Д.Бумдарь нар Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Удирдах Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл болон Удирдах Зөвлөлийн төлөөллүүдийг хүлээн авч уулзав.

2024 оны УИХ-ын сонгуультай холбогдуулан Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас уул уурхайн салбарын нийтлэг эрх ашиг, энэ салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлыг багцлан гаргаж ийнхүү өнөөдөр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүргүүллээ.

 Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас хүргүүлсэн саналд:

  • Уул уурхайн салбарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулан цар хүрээг нь нэмэгдүүлэх, тус салбарын тогтвортой ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлэх
  • Эрчим хүчний тогтвортой эх үүсвэртэй болох боломжийг нээлттэй болгох, эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг бий болгох төрийн бодлого зохицуулалтыг тодорхой болгон шинэчлэх
  • Уул уурхайн салбарт татварын бодит орчныг бий болгож тус салбарын ААН-ийн санхүү, татварын бодит бус ачааллыг бууруулж тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
  • Одоо үйл ажиллагаа явуулж буй хариуцлагатай уул уурхайн төслүүдийг тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах, шинээр хэрэгжихэд бэлэн болсон уул уурхайн төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах
  • Дэлхийн уул уурхайн салбар болон эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор хэрэглээ нь өсөн нэмэгдэж байгаа газрын ховор болон чухал ашигт малтмалын хайгуул судалгааны ажлыг идэвхжүүлэх гэсэн саналууд тусгагджээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Ардын Нам нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн саналуудыг аваад байна.

Монгол Ардын Нам 2024-2028 оны Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж байгаа бөгөөд “Enam” аппликейшн, election2024@nam.mn цахим шуудан, Монгол Ардын Намын албан ёсны портал  www.nam.mn  вэб сайтаар дамжуулан иргэд, олон нийтийн байгууллагын санал хүсэлтийг авч байна. 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.