Мэдээ

МАН: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө маргааш ҮАГ-т хүргүүлнэ

Админ
2024/03/23

Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан өнөөдөр /2024.03.23/ Тусгаар тогтнолын ордонд болж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшүүлэх журмаа батлах, мөн  2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлав.

Хуралдааныг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан удирдаж, Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн талаарх улс төрийн илтгэл танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд хэлэлцүүллээ.




МАН 2023 оны 8 дугаар сард иргэд, олон нийтээс санал авах Ажлын хэсгийг байгуулж, албан бичгээр болон цаасаар, ENAM аппликэйшн болон веб сайтаараа, Call center төвөөрөө, и-мэйлээр саналууд авахаас гадна иргэний нийгмийн байгууллагууд болон холбоод, 21 аймаг, 9 дүүрэг болон 330 суманд ажиллаж биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж нийт 40 гаруй мянган саналыг авсан юм. 

Мөн Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаанд МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар сонгуульд нэр дэвшүүлэх журмын талаар танилцуулж, Бага хурлын гишүүдийн асуултад хариулав. Сонгуульд нэр дэвших хүсэлтэй МАН-ын гишүүдэд хэд хэдэн зарчмын шаардлага тавьж байгаагаа Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар онцоллоо. Тухайлбал, нэр дэвшихийг горилж буй гишүүн нь аливаа ажил албанд хариуцлагатай ханддаг, ёс зүйтэй, сахилга баттай, зохион байгуулалттай, багаар ажиллаж чаддаг, эв нэгдэлтэй байх гэсэн чухал зарчмын шаардлагуудыг тавьж байна. Хяналтын ерөнхий хороо нэр дэвших хүсэлтийг авч эхэлсэн бөгөөд намын Удирдах зөвлөлд нэр дэвших хүсэлтүүдийг өгч улмаар Монгол Ардын Намын Бага хурлын 4 дүгээр хуралдаанд танилцуулна гэлээ.



Энэ удаагийн Бага хуралд 30 дахь Их Хурлаас сонгогдсон 479 гишүүн бүртгэлтэйгээс 80 гаруй хувийн ирцтэйгээр оролцож, төлөөлөгчид ENAM аппликэйшнээр дамжуулан саналаа цахим хэлбэрээр өгснөөрөө онцлогтой боллоо. 

МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байгаа бөгөөд цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.














ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.