Мэдээ

Д.Амарбаясгалан: Малчид 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ

Админ
2024/04/10

Засгийн газар өнөөдөр хуралдаж малчид, тариаланчидтай холбоотой цаг үеийн чухал асуудлуудыг хэлэлцэн зарим шийдвэрийг гаргасан талаар Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийв.

Тодруулбал, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн байна. Малчдад бодитой дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьж яаралтай горимоор хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Хуулийн төслийг баталсны дараа Засгийн газраас тусгайлсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр дараах боломж бүрдэнэ.

Үүнд:

-Малчдын өнгөрсөн хугацаанд авсан зээлийн хуримтлагдсан хүүгийн 25-30 хувийг малчид өөрсдөө төлнө. Үлдсэн зөрүүг Засгийн газар ирэх оны төсөвт тусгах замаар хэрэгжүүлэх шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр болно.

-Нийт малынх нь 70-аас дээш хувь нь хорогдсон малчид яах вэ гэдэг асуулт бий. Малгүй болсон малчдыг малжуулах зорилгоор 5-8 сая төгрөгийн зээлийг урт хугацаатай, хүүгүй хэлбэрээр олгоно.

-Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжинэ. Хөтөлбөр хэрэгжсэнээр малчид амьжиргаагаа дээшлүүлэх, малынхаа үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртөг шингэсэн ашгаа хүртэх боломж бүрдэнэ. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан том Ажлын хэсэг гарч 45 хоног ажилласан. Ингээд нэг малчин өрх Зээлийн батлан даалтын сангийн шаардлагыг хангаснаар 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой болно. Тухайн  малчин өрх 50 сая төгрөгийн зээл авах гэж байгаа бол зээлийн 20 хувийн баталгааг өөрөө гаргах бол 80 хувийг Зээлийн батлан даалтын сан даах юм байна.

-Өөрөө хангалттай хэмжээний зээлийн баталгаа байхгүй малчид 20 хүртэлх сая төгрөгийн зээл авч болно. Үүнийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах юм. 

 


 



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.