70001921
info@nam.mn
Мэдээ

МАН: МСНЭ-ийн уриалгыг дэмжиж гарын үсэг зурлаа

Админ
2024/05/03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр Сүхбаатарын талбайд  “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” акц зохион байгуулав.

МСНЭ-ээс улс төрийн намуудад 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд уриалга гаргасан. Энэхүү уриалга нь намууд УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтдаа хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтуудыг засаж залруулахад анхаарахыг хүссэн  байна. Улс төрийн намуудын төлөөллийг МСНЭ-ийн дээрх уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, нэгдэхийг уриалсан юм. Иймд Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва МСНЭ-ээс зохион байгуулсан “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” үйл ажиллагаанд очиж уриалгын хуудаст гарын үсэг зурж дэмжиж буйгаа илэрхийллээ.

Тэрээр “Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө хэвлэлийн эрх чөлөөний талаар тодорхой заалтууд оруулсан. Тухайлбал, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг илүү сайжруулах, ил тод, чөлөөт байдлыг бий болгох, сэтгүүлчдийн эрхийг хамгаалах заалтууд орсон гэдгийг хэлье. Сонгуулийн сурталчилгаа эхлээгүй учраас тодорхой зүйл хэлэх эрх нээгдээгүй байна. Ямар боловч Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан та бүхний зорьсонтой нийцсэн заалтууд орж байгаа гэдгийг Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын даргын хувьд албан ёсоор мэдэгдэж байна” гэв. Мөн тэрээр монголчууд, олон нийтийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалах, илүү сайжруулах талд Монгол Ардын Нам байна гэдгийг онцлоод дэлхий нийтээр 31 дэх жилдээ тэмдэглэж буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг Монголын сэтгүүл зүйн салбарынханд хүргэсэн юм.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.